Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/03-НД НИЙТЛЭГДСЭН

“Зүүн бүсийн хурд-2018” хурдан морины уралдааны үеэр 9 хүүхэд мориноосоо унасан ч гэмтэл аваагүй гэв

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2012 оны “Төрийн тахилгатай уул хайрхны тэнгэрийн тайх төрийн ёслол үйлдэх хуваарь батлах тухай 181 дүгээр зарлиг, Засгийн газрын 2018 оны 195 дугаар тогтоолын дагуу Төрийн их тахилгат Алтан дарь овооны 105 жилийн ой, Зүүн бүсийн хурд-2018 хурдан морины уралдаан Сүхбаатар аймгийн Дарьганга суманд өнгөрөгч долоодугаар сарын 27-29-ны өдрүүдэд болсон байна. 

Баяр наадмын үеэр Цагдаагийн байгууллагаас Цагдаагийн ерөнхий газрын даргын 2018 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/193 тушаалын дагуу “Цагдаагийн түр хүрээ” байгуулж ажилласан талаар Цагдаагийн Ерөнхий газар мэдээлжээ. 

Хамгаалалт зохицуулалтад цагдаагийн байгууллагын 200 гаруй алба хаагч гүйцэтгэсэн байна. Цагдаагийн байгууллагаас хамгаалалт зохицуулалтыг үр дүнтэй зохион байгуулсны дүнд ноцтой гэмт хэрэг зөрчилгүй тайван наадсан бөгөөд баяр наадмын үеэр иргэд байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй хоёр, зөрчлийн шинжтэй гурван гомдол мэдээллийг хүлээн авч шуурхай шалгаж шийдвэрлэн ажилласан байна. 

Мөн баяр наадмын үеэр есөн хүүхэд мориноос унасныг яаралтай түргэн тусламжийн багийн эмч нараар үзлэг хийлгэж, тэмдэглэл хөтлөн эцэг, эхэд нь хүлээлгэн өгсөн бөгөөд тэднээс эмнэлэгт хүргэгдсэн болон гэмтэж бэртсэн хүүхэд байгаагүй гэжээ.

Алтан дарь овооны тахилга, “Зүүн бүсийн хурд-2018” хурдан морины уралдааныг үзэхээр 30 мянга гаруй хүн 6,500 орчим тээврийн хэрэгсэлтэйгээр иржээ. Энэ үеэр “Мотоциклийн хөдөлгөөнийг түр хязгаарлах тухай” Дарьганга сумын Засаг даргын захирамжийг гаргуулж хэрэгжилтэд нь хяналт тавьж ажилласан байна.