Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Японд болох Олон улсын гэрэл зургийн наадамд Монгол сурагчид оролцоно

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг
“ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ 2018”-д оролцохоор шалгарсан сурагчид.

Япон улсын Хоккайдо муж, Хигашикава хотноо зохион байгуулагддаг “ДУНД СУРГУУЛИЙН СУРАГЧДЫН ОЛОН УЛСЫН ГЭРЭЛ ЗУРГИЙН ФЕСТИВАЛЬ 2018”(International Youth Photo Festival)-д энэ оноос эхлэн Монгол Улс албан ёсоор оролцох эрхтэй боллоо. 

Тус фестиваль нь Ази, Европын 19 орны дунд сургуулийн сурагчид бүтээлээрээ өрсөлдөн оролцдог Азидаа хамгийн том гэрэл зургийн фестиваль юм.

Монгол талаас Фестивальд оролцох ажлыг Монголын Гэрэл Зурагчдын Нэгдсэн холбоо санаачлан зохион байгуулж байна. Энэ удаагийн фестивальд оролцох сонгон шалгаруулалтад "Үй Цай" бүрэн дунд сургууль, "Шинэ Монгол" Ахлах сургууль, Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургууль, "Монгол Тэмүүлэл" лабoратори сургууль, Багануур дүүргийн Лаборатори түшиц "Боловсрол" цогцолбор сургууль, 52 дугаар сургууль, 11 дүгээр сургууль, Сүхбаатар дүүрэг "Эрдэмтөгс" сургууль, Сэлэнгэ аймаг Мандал сум Түнхэл тавдугаар сургууль, Говь-Алтай аймгийн тавдугаар сургууль гэх мэт хот, орон нутгийн 20 орчим сургуулийн 40-өөд сурагч бүтээлээ ирүүлснээс эцсийн шалгаруулалтад Өсвөрийн зохион бүтээгчдийн лаборатори ахлах сургуулийн сурагчдын бүтээл шалгарч Фестивальд оролцох эрхтэй болжээ. 

Шалгарсан тус сургуулийн гурван сурагчийн Улаанбаатар хотоос Япон улсын Хигашикава хотод очих болон бусад бүх зардлыг зохион байгуулагч тал 100 хувь хариуцаж байгаа юм. 

Хамгийн таатай нь гэвэл Фестивальд Монгол Улс цаашид тогтмол оролцохоор болов. Өөрөөр хэлбэл, гэрэл зураг сонирхдог сурагчдад ирэх жил ч мөн боломж нээлттэй гэснэ үг. 

Сурагчдын бүтээлээс, 

 
Гэрэл зургийг Ч.Хулан
 
Гэрэл зургийг М.Мишээл
 
Гэрэл зургийг Т.Энхмарал

Сурагчдын сэтгэгдэл,

Т.Энхмарал "Хигашикавад энэ боломжоор зочлох болсонд баяртай байна. Энэхүү фестивалиар дамжуулан өөрийн гэрэл зургийн чадвараа хөгжүүлэхийг зорих болно". 

М.Мишээл "Олон орны сурагчидтай танилцан, гэрэл зургийн талаар суралцан мэдлэг, мэдээллээ дээшлүүлэх боломж тохиосонд маш их баярлаж байна". 

Ч.Хулан "Гэрэл болон сүүдэр бидэнд гэрэл зураг гэх бэлгийг өгсөн. Би бусдад өөрийгөө ямар нэгэн шууд харилцаагаар илэрхийлж чаддаггүй боловч авсан зурагнууд минь чаддаг. Тиймээс энэ олон улсын фестивальд өөрийгөө илүү илэрхийлэх боломжийг минь нээж өгч байна, баярлалаа. Маш их талархаж байна".

Фестивалын талаарх дэлэгрэнгүй мэдээллийг ЭНД ДАРЖ авна уу.