Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Жон А.Лент: Монголын комик уран бүтээлчид дэлхийд дээгүүр бичигдэнэ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Зураг, текст хоёрыг ашиглан цаасан дээр хүүрнэж буй зохиолыг, товчхондоо цаасан дээр буулгасан киног комик гэж нэрлэдэг билээ. Комик нь 1800-аад оны үед Европт хөгжиж эхлээд улмаар 1900-аад оны үеэс өдөр тутмын сонинууд дээр комик стрип гарч эхэлсэн түүхтэй.

Дэлхийн мянга мянган комикуудын сэргэн мандалт, өөрчлөлтийн явцыг хамт туулж, комиктой амьдралаа холбосон цорын ганц хүн бол АНУ-ын алдарт комик судлаач Жон А.Лент юм.

Тэрбээр 1963 оноос хойш тасралтгүй 54 жил Азийн соёл, тэр дундаа манга комикийг судалсан нэрт эрдэмтэн бөгөөд Нүүдлийн зурган өгүүлэмж сангийн урилгаар Монголд ирээд байгаа юм. Түүний жилд хоёр удаа эрхлэн гаргадаг "Олон улсын комикууд" сэтгүүлд Монголын комикуудын тухай "Төсөөлөгдөөгүй газрын комикууд" нэртэй бүтэн бүлэг багтсан нь эрт цагаас эдүгээг хүртэлх Монголын комикийн түүхийг товч өгүүлсэн байна. Хүмүүжил жигшил, Матар, Тоншуул сэтгүүлийн зургаас эхлээд Бонго, Бумбардай тэргүүтэн заларчээ.

Зураг дээр дарж томруулж үзнэ үү,  

Ингээд та бүхэнд нэрт комик судлаач Жон А.Ленттэй хийсэн ярилцлагаа хүргэе.

- Та яагаад комик урлагийг сонирхон судлах болсон юм бэ? Чухам юу таны анхаарлыг татах болов?

- Дэлхий дээр тоолж баршгүй олон комик үйлдвэрлэгч байдаг. Тэдний хамгийн алдартай комик нь уран сайхны хэлбэр болон зохиолоороо ялгардаг. Өөрөөр хэлбэл, хүн бүрт хүрэх сэдвийг агуулсан уран бүтээл бусдаасаа үргэлж илүү байдаг.

Намайг бага байхад 1940-өөд оны үед Америкт маш сайн комик бүтээлүүд гардаг байсан бөгөөд сонинд тусдаа комикийн булан хүртэл байсан. Би багаасаа л комикт дуртай байсан маань судлах эхний шалтгаан болсон. Би сонины зөвхөн комик буланг нь л их үздэг байсан юм. Харин дараа нь хэн ч комикийг судалж байгаагүй гэдгийг олж мэдээд тэр орон зайг нөхөхийг хүссэн.

- Өнгөрсөн он жилүүдийн хугацаанд, тухайлбал нийгмийн шилжилтийн явцад комик урлаг, түүний агуулга хэрхэн хувьсч ирсэн бэ?

1940-өөд оны үед Америкт хайрын, эсвэл алдартай супер баатар, ямар нэг дийлдэшгүй хүмүүсийг илэрхийлсэн нийтлэг комикууд л гардаг байсан юм.1960 он гарснаар хүн болгонд өдөр тутам тохиолддог зовлон бэрхшээлийг комикоор дамжуулан илэрхийлж эхэлсэн. Тухайн нийгмийн сул талуудыг комикоор дамжуулах болсноор комик сэдвийнхээ хүрээнд улам задарч, өргөн болсон юм. 

Бас нэг өөрчлөгдсөн зүйл нь тухайн үед сонин болгон өөрсдийн гэсэн комик уран бүтээлчидтэй байсан бөгөөд улс төрийн сэдэвтэй комикийг голчлон нийтэлдэг байв. Харин одоо АНУ-д сонины 30 хувь нь улс төрийн сэдэвтэй комик нийтэлдэг болсон. Эндээс үзвэл явцын дүнд комикийн хэрэглээ улам багассан нь харагдаж байна.

- Та бага байхдаа комикт дуртай байсан гэж хэллээ. Тэгвэл комик хүүхдэд хэрхэн нөлөөлдөг юм бэ?

- Одоогийн комикийн агуулж байгаа сэдэв санаа нь илүү хүнд, гүн утгатай болсон. Тиймээс ихэнх комик хүүхдэд гэхээсээ илүү насанд хүрэгчдэд зориулагджээ.

АНУ-д 1940 онд комик хүүхдэд буруу үлгэр дуурайлал болж, хүүхдийг харгис болгож байна хэмээн шүүмжилж, кампанит ажил нэлээд хийж байсан ч олигтой үр дүнд хүрээгүй. Америкийн Засгийн газар харин энэ асуудлын хүрээнд маш том судалгаа хийсэн байдаг. Түүний үр дүнд хүүхэд хэрвээ харгис муу зүйл дотроо боддог бол комик уншиж, тэр бүхнээ гарган хаяж байдаг гэдгийг тогтоосон юм. 

Тухайн хүүхэд муу зүйлээ дотроосоо гаргаж хаяж байна гэдэг нь зөв төлөвшихөд нөлөөлнө гэсэн үг. Хүмүүс ямар нэг ном, сонин шимтэн уншдаг хэрэглээ нь багасчихсан энэ үед комик ч болтугай уншиж байвал хүүхдэд илүү хэрэгтэй. 

- Хүүхэлдэйн кино, комик хоёрын аль нь хүүхдэд илүү хэрэгтэй вэ?

- Комик хэвлэгдэж гардаг бол анимейшн буюу хүүхэлдэйн кино нь хөдөлдөг, дуу гаргадаг гэдгээрээ хийцийн хувьд ялгаатай. Гэхдээ хүүхэлдэйн кино комикийг сэдвийн хүрээнд хэзээ ч гүйцэж чадаагүй. Комик аливаа зүйлийг эргэцүүлэн тунгаах боломжийг олгодог. Жишээ нь, хорт хавдартай хүний амьдралын талаар өгүүлэх зэргээр маш олон төрлийн зохиол байдаг. Харин тухайн зохиолыг зовлон нэгтэй өөр бусад хүн олж уншаад өөртөө тусган авснаар эрч хүч, эерэг ойлголт бий болгодог. Харин хүүхэлдэйн киноны хувьд  тиймэрхүү сэдэв хөндөгддөггүй, тэр болгонд хүрээгүй. Тиймээс сэдвийн хувьд комик нь хүүхэлдэйн киноноос илүү өргөн агуулгатай.

- Таны “Олон улсын комикууд” сэтгүүлд "Бумбардай" багтсан байсан. Сэтгүүлдээ оруулахдаа та юуг нь анхаардаг вэ? Бумбардайн юу танд таалагдсан бэ?

- Тухайн улсын комик үйлдвэрлэгч талаасаа аль болох чухал хүмүүсийн бүтээлийг болоод өөр өөр талаас нь харсан өнцөг, үзэл бодлуудыг шингээхийг эрхэмлэдэг. Мөн эмэгтэй уран бүтээлчдийн комикийг шингээхийг хүсдэг. Учир нь эмэгтэй комик уран бүтээлч хүүхэд төрүүлэх, гэрийн эзэгтэй байхаас эхлээд өөр төрлийн сорилттой учирдаг болохоор дэлхийн олон оронд эмэгтэй комик уран бүтээлч цөөхөн.

Гэвч комикийн хувьд нэн тэргүүнд тавигдах зүйл бол зохиол. Тэр ч утгаараа "Бумбардай" маш сайн зохиол болсон. Мөн "Бумбардай" комик гэхээсээ илүү уран зургийн байдалтай байсан нь хамгийн түрүүнд таалагдсан. Нэгэн нүүдэлчин хүү амьдралыг ойлгож буй талаар өгүүлж байгаа нь болон тухайн зохиолыг илэрхийлсэн арга хэлбэр нь сонирхолтой санагдсан.

 

Түүнээс гадна Монголын уламжлалын талаар өгүүлсэн нь гайхалтай давуу тал нь юм. Уламжлал гэдэг маш чухал. Учир нь хүмүүс өв уламжлалаа үргэлж мэддэг байх хэрэгтэй. Үүнийг "Бумбардай" сонирхолтой хэлбэрээр хүмүүст таниулж байгаа нь маш сайн хэрэг. 

Орчин үеийн бусад комик бүтээлийг харахад ихэнх нь янз бүрийн эффектүүд ашигласан, эсвэл маш их чимээ, дэлбэрэлт болж байгааг харуулсан байдаг бол "Бумбардай"-н хувьд  маш энгийн үйл явдлыг сонирхолтойгоор өгүүлдэг гэдгээрээ онцлогтой байсан.

- Мэргэжлийн  хүний хувьд Монголын комикуудыг бусад улс оронтой харьцуулахад ямар хэмжээнд байна вэ?

- Зарим комик үйлдвэрлэгч улс орон олон жилийг туулсан учраас шууд харьцуулж хэлэхэд хэцүү байна. Гэвч уран зургийн шийдэл болоод зохиолын хувьд хамгийн шилгүүдтэй өрсөлдөж чадна гэж бодож байна. 

Өнөөдөр л гэхэд би 12 минутын анимейшн үзэхэд үгийг нь ойлгоогүй ч дүрсийг нь хараад утга санааг нь ойлгож, сэтгэл хөдөлсөн. Энэ нь тухайн анимейшн маш сайн болсны илэрхийлэл. Харин бүтээлүүдээ гадны улс оронд орчуулж гаргавал өрсөлдөх чадвар нь улам нэмэгдэнэ гэдэгт би итгэлтэй байна.

- Монголын уран бүтээлчидтэй уулзаад та юу олж харсан бэ?

- Би жилд дунджаар найман удаа аялдаг. Хүн аялж байж гайхалтай зүйлсийг олж мэддэг гэж боддог. Монголд анх удаа ирж үзэж байна. Монголын соёлтой танилцах гэж эндхийг зорьсон ч хамгийн түрүүнд Монголын комик уран бүтээлчидтэй л уулзахыг хүссэн.

Комикх уран бүтээлчид илүү гүн бодолтой, ухаантай, хичээл зүтгэл сайтай хүмүүс шиг харагддаг. Тэднийг зүгээр л анзаарахад эелдэг бөгөөд өглөгч, олон талын мэдлэг, мэдээлэлтэй хүмүүс байдаг. 

Дэлхий нийтээрээ аливаа зүйл хийхдээ шууд ашиг хардаг. Харин Монголын комик уран бүтээлчдийн багийг бусадтай харьцуулахад ашгийн төлөө бус, сэтгэл зүрхээ шингээж байгаа нь их таалагдсан. Тэдний үйл хэрэгтээ бүтээлчээр хандаж, сэтгэл гаргаж байгаа нь бахархууштай тал юм. Энэ чанараар нь бусад оронтой шууд харьцуулахад дэлхийд дээгүүр бичигдэнэ.

- Судалгааны тань явцад комикуудын дутагдалтай тал нь юу байдаг вэ?

- Мэдээж муу зохиол. Энэ нь зөвхөн комик дээр ч биш, кино, анимейшн, ном, жүжиг гээд бүгд муу зохиолтой л байвал амжилтанд хүрч чадахгүй. Аливаа урлагийн амжилт олдог түлхүүр нь дэлхий нийтээр ойлгож болохуйц гайхалтай зохиолд л оршдог.

Харин "Бумбардай"-н хувьд зохиол сайтай бүтээл боловч Монголд комик хэрэглээ сайн хөгжөөгүй байгаа нь сул тал болж байна. Уран бүтээлчид нь зөвхөн уран бүтээл дээрээ цаг гаргах ёстой байхад бусад зүйлд илүү анхаарлаа хандуулж байгаа нь харамсалтай.

- Комик урлагийн ирээдүйг та юу гэж харж байна вэ?

- Ихэнх хүний комик үгүй болж байна гэдэгтэй би санал нийлдэггүй. Учир нь аливаа зүйлийн шинэ хэлбэр л хуучин дээрээ нэмэгдэж байдаг. Түүнээс биш бүр мөсөн устаж үгүй болно гэсэн үг биш. Интернэтийг анх гарч ирэхэд телевиз хэрэггүй болно гэж бодоцгоож байсан ч үгүй бололгүй шинэ хэлбэрээр хөгжиж эхэлсэн. Үүнтэй ялгаагүй цаашдаа комик ч хэлбэрээ өөрчлөн оршсоор байх болно.

- Та цаашдаа юу хийхээр төлөвлөж байна вэ?

- Одоогоор би Азийн улс төрийн комикийн тухай ном гаргаж, комикийг олон улсад сурталчлах зорилгоор ажиллаж байна. Мөн удахгүй Солонгосын комик урлагийн талаар ном гаргана. Энэ бүхний хажуугаар "Олон улсын комикууд" сэтгүүлээ гаргасаар байх болно. Надад төлөвлөсөн ажил маш их байна. Харин хамгийн чухал төлөвлөгөө маань насаа барах хүртлээ чинээгээрээ хөл дээрээ тогтож, энэ ажлуудаа хийх. /инээв/

- Үнэтэй цагаасаа хуваалцаж энд хүрэлцэн ирж ярилцсан танд маш их баярлалаа. Таны цаашдын ажилд өндөр амжилт хүсье.

- Би энд ирээд удаагүй ч Монголын найрсаг хүмүүс болоод эрүүл мах нь маш их таалагдаж байна. Бас монголчуудад хандаж хэлэхэд комик урлаг хүүхдүүдэд зөвхөн зориулагдаагүй. Комикийг юунд ч ашиглаж болдог. Комик үргэлж хүнд хэрэгтэй зүйлсийг өөртөө шингээсэн байдаг учраас сайн комик уншвал асар их мэдлэгийг та олж авах болно. Та бүхэнд амжилт хүсье.