2020/09/25
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,854.47₮
B30
УЛААНБААТАР
23°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
B30
УЛААНБААТАР
11°
|
06:00
S29
07:00
S30
08:00
S30
09:00
S30
10°
10:00
S26
13°
11:00
S26
16°
12:00
S26
18°
13:00
S26
19°
14:00
S26
20°
15:00
S26
21°
16:00
S26
21°
17:00
S26
20°
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/08/01 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вейсел Акчай террорист байгууллагын гишүүн үү эсвэл золиос уу

Г.Нацаг-Эрдэнэ, Үндэсний шуудан
2018 оны 8 сарын 1
Үндэсний шуудан
Зураг
Гэрэл зургийг mpa.mn

Турк Улсын иргэн Вейсел Акчайг хүч хэрэглэж нутаг буцаахыг оролдсон гэх хэрэгт манай улсын тагнуулын байгууллага оролцсоны цаад сэжим хоёр орны төрийн эрх баригчид руу хөтөллөө гэх хардлага нийгэмд төрөөд буй.

Гэвч үйл явдлын талаар Туркийн Гадаад явдлын яамны төлөөлөгч Хами Аксой “ФЕТО террорист байгууллага Монгол Улсад өргөн цар хүрээ хамарсан үйл ажиллагаа явуулдаг төдийгүй Монгол Улсын үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн террорист байгууллага” гээд “Тус бүлгийн гишүүдийг шударга шүүхийн өмнө шүүх нь бидний ёс зүйн хүлээлт юм. Түүнээс биш БНТУ нь бусад улсын дотоодын аюулгүй байдлын төлөө авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнд хөндлөнгөөс оролцдоггүй.

Энэ сарын 27-нд болсон үйл явдлыг хүн хулгайлах гэмт хэрэг гэж үзэж буйд туйлын харамсаж байна” гэж өчигдөр мэдэгдлээ. Эндээс үзвэл, “Эмпати” сургуулийн боловсрол хариуцсан дэд захирал Вейсел Акчай нь ФЕТО бүлэглэлийн гишүүн гэж харагдахаар байгаа юм. Гэсэн ч Вейсел Акчайгийн гэр бүлийнхэн түүнийг ийм гэмт бүлэглэлтэй холбоогүй гэдгийг баталж  буй. Ямартай ч түүнийг гэрийнх нь гаднаас хулгайлсан цаг үетэй таарч Туркийн агаарын хүчний ТТ-4010 дугаартай онгоц энэ үед Чингис хаан олон улсын нисэх буудалд газардсан гэдэг нь үнэн. Үйл явдал санамсаргүй хийгээд санаандгүй давхацсан нь цаана нь ямар нэг учир нуугдаж буй нь лавтай. Тиймээс Вейсел Акчай үнэхээр ФЕТО бүлэглэлийн гишүүн үү, эсвэл улс төрийн золиос уу гэдэгт хариулт нэхэхээс урьтаж түүний намтрыг эргэн нэг харцгаая.

ВЕЙСЕЛ АКЧАЙ ГЭЖ ЧУХАМ ХЭН БЭ

Тэрбээр 1968 онд БНТУ-ын Конья мужийн Акшехир хотод төрж өссөн бөгөөд Ататюркийн их сургуулийг турк хэлний багш мэргэжлээр суралцаж төгсжээ. Сургуулиа төгссөний дараа Монголд ажиллахаар шийдэх үедээ ээж, аав нь хүчтэй эсэргүүцсэн гэдэг. Тиймээс ганцхан жил ажиллаж, амьдрах зөвшөөрөл авснаар 1994 онд нийслэлд хөл тавьжээ.

Ингээд МУИС, Туркийн хамтарсан төрөлжүүлсэн тусгай сургалттай сургуульд турк хэлний багш, дотуур байрны захирлын албан тушаалаас ажлын гараагаа эхлүүлсэн байна. Уг албанд 2000 он хүртэл ажиллаад 2000-2009 он хүртэл МУИС-ын харьяа Байгалийн ухааны гүнзгийрүүлсэн сургалттай дунд сургуульд сургуулийн захирал, 2010-2017 онд “Эмпати-Ертөнц” ХХК-ний боловсрол хариуцсан дэд захирлаар тус тус ажиллажээ.

2017 оны аравдугаар сараас энэ оны тавдугаар cap хүртэл “Эмпати-Ертөнц” компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад энэ оны тавдугаар сараас Боловсрол хариуцсан дэд захирлын албан тушаалд дахин томилогджээ. Түүнийг Монголд ирснээс хоёр жилийн дараа БНТУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам байгуулагдсан бөгөөд анхны Элчин сайд Варол Өзкочак 1996 оны есдүгээр сарын 30-ны өдөр итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байжээ. Эндээс харвал, Вейсел Акчай нь хоёр орны найрамдал, боловсролын салбар глобалчлалд багагүй хувь нэмэр оруулсан бололтой юм. Тиймдээ ч Монголын боловсролын салбарт оруулсан хувь нэмрийг төр засгаас өндрөөр үнэлж, 2002 онд БСШУСЯ-ны “Жуух бичиг”, 2006 онд “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, 2011 онд “Боловсролын 90 жил" ойн медаль, 2014 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар “Найрамдал” одонгоор тус тус шагнаж байжээ.

Өдгөө 50 настай тэрбээр гэргий Мерием Акчайтайгаа 2000 онд гэр бүл болжээ. Эхнэр Мерием Акчай нь 1995 онд МУИС-ийн Хэл, соёлын сургуульд элсэн суралцахаар Монголд ирэх үед танилцсанаар дөрвөн хүүхдийн ээж, аав болжээ. Хүүхдүүд нь бүгдээрээ Монголд төрсөн бөгөөд том хүүг нь Бат-Эрдэнэ, удаах хүүг нь Эрдэнэбаатар, охиныг нь Дөлгөөн гэдэг аж. Харин бага хүүхдийнх нь талаар тодорхой мэдээлэл олдсонгүй. Ямартай ч хүүхдүүддээ монгол нэр хайрлаж, Монголд өсгөж байгаа тэрбээр иргэншлээ солих хүсэлт гаргасан удаатай. Одоогоос дөрвөн жилийн өмнө Гадаадын иргэн харьяатын асуудал эрхэлсэн газарт энэ тухайгаа албан ёсоор илэрхийлсэн мэдээлэл байдаг юм байна. Түүний намтар түүхээс харвал хэн нэг хүн эсвэл нам эвсэлтэй хагаралдаантай гэхээргүй өөгүй аж. Тэгвэл ямар учраас түүнийг хүчээр нутаг буцаахыг оролдов. Үнэхээр террорист бүлэглэлийн гишүүн үү, эсвэл өөр санаа агуулсан уу. Аль нь ч бай, Монгол Улсын нутаг дэвсгэрээс гаднын улсын иргэнийг хүчээр гаргах гэсэн үйлдэл болсон. Түүнийг нь монголчууд таслан зогсоосон. Гэлээ ч асуудал намжихгүй нь ойлгомжтой гэдгийг БНТУ-ын гадаад явдлын яамны төлөөлөгчийн мэдэгдэл батлах шиг боллоо.

Эрүүгийн цагдаагийн газарт хохирогчийн мэдүүлэг өгсөн тэрбээр хамгаалалтад байгаа гэнэ. Түүний өмгөөлөгч Б.Баатарсайханы хэлснээр албан ёсны өмгөөлөгчөөс татгалзсан ч гэр бүлийн өмгөөлөгч болон компанийн хуулийн зөвлөхөөрөө дамжуулж асуудалд ул суурьтай хандаж буй бололтой. Дээрх үйл явдлын гол зангилаа нь БНТУ-ын Ерөнхийлөгч Р.Т.Эрдогантай холбоотой гэж гадна, дотнын хэвлэлээр тайлбарлаж буй. Эл асуудал үнэн эсэхийг хэн ч мэдэхгүй. Гэхдээ хэд хэдэн гаргалгаа хийж болохоор.

Р.Т.ЭРДОГАНЫ ӨРСӨЛДӨГЧИЙГ САНХҮҮЖҮҮЛСЭН нь ҮНЭН ҮҮ

Учир нь 2017 оны дөрөвдүгээр сарын 16-нд Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг нэмэгдүүлэхийг бүх нийтээр хүлээн зөвшөөрсөн юм. Ингэснээр тус улс Бүгд найрамдах улс байгуулагдсанаас хойших 93 жилийн хугацаанд тохиосон анхны түүхэн үйл явдлаар нэрлэгдсэн удаатай. Сонгуулийн дараа Ерөнхийлөгч Р.Т.Эрдоган “Туркууд 200 жилийн үл ойлголцлоо тайлж, түүхэн сонголт хийлээ” хэмээж байв. Түүнийг сонгуульд ялахад булхайтай санал хураалт боллоо гэж сөрөг хүчнийхэн үзэж эсэргүүцсэн бол Европын холбооноос шударга бус сонгууль боллоо гэж дүгнэсэн. Гэсэн ч тэрбээр ялалт байгуулж, Туркийн Засгийн газрыг хэмжээгүй эрхийн дор удирдах болсон. Ялалт байгуулахад нөлөөлсөн “Терроризмын эсрэг болон курдын салан тусгаарлагчдын эсрэг хүчтэй тэмцэнэ” гэсэн уриа хамгийн их нөлөөлсөн гэх. Цаг үеийн тогтворгүй нөхцөл байдал дунд байсан Туркууд Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы бүрэн эрхийг нэмэгдүүлснээр сайд нар болон шүүх байгууллагын албан тушаалтнуудын томилж, сонгуулийг өөрийн хүссэн үедээ зарлах эрхтэй болсон. Үүгээр ч зогсохгүй сангийн бодлогод хяналт тавих илүү өндөр эрх мэдэл олж авахын тулд Туркийн төв банкны бие даасан байдалд шууд бусаар нөлөөлөх болсон тухай мэдээлэл ч бий. Энэ мэтчилэн хэмжээгүй бүрэн эрхтэй Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы дараагийн нүүдэл нь олон улсад үйл ажиллагаа явуулдаг “Эмпати" салбар сургуулийн нэр бүхий албан тушаалтнуудыг хоморголон баривчилсан явдал юм. Эл явдлыг дээрх мэдэгдэлтэй холбон тайлбарлаж халхавчилсан ч асуудлын шалтгаан нь өөр чигийг зааж буй бололтой. Энэ нь улс төрийн зорилго. Өөрөөр хэлбэл, “Эмпати” сургуулийн нэр бүхий албан тушаалтнууд 2017 оны сонгуулиар Ерөнхийлөгч Р.Т.Эрдоганы сөрөг хүчинд хандив өгсөн байх талтай гэдгийг BBC агентлаг өмнө нь мэдээлж байжээ. Магадгүй энэ нь өнөөгийн үйл явдлын эх үүсвэрийг тавьсан байх талтай байж мэдэх юм.

300 САЯ АМ.ДОЛЛАРЫН СУРАГ

Турк сургуулийн эгэл жирийн багшид хүч хэрэглэсэн дээрх хэрэгт хоёр орны эрх баригчдийн нэр ямар учраас нэр холбогдох болсон их сонин. Учир нь Туркийн Гадаад харилцааны яамнаас мэдэгдсэнээр терроризмын бүлэглэлийн гишүүнийг шударга шүүхээр оруулахаар тус улсад авч явахаар бэлдсэн юм байж. Гэтэл үүнд нь монголчууд саад болсон. Гэхдээ хэний “шантааж, захиалгаар” хориг тавьсныг одоохондоо түр хойш тавиад ийм асуудал яагаад өрнөх болов гэдэгт анхаарлаа хандуулъя.

Өөрөөр хэлбэл, Туркийн “Эксим” банкнаас 300 сая ам.долларын зээл авах асуудал цөөнгүй Засгийн газрын нүүр үзсэн. Хоёр орны найрамдалт харилцааны хүрээнд төрийн эрх баригчид хоёр улсад хэд хэдэн удаа айлчилсан бөгөөд энэ үеэр тус банкны удирдлагуудаас уг асуудлыг шийдэж өгөхийг хүссэн байдаг. Хариуд нь нааштай шийдэх боломжтойг дуулгаж, бүр зээлийн хэмжээг 350 сая ам.долларт хүргэх боломжтойг хэлсэн байдаг. Эдийн засгийн хямралтай, улс төр, нийгмийн тогтворгүй өнөө үед 350 сая ам.доллар байтугай 35 сая ч илүүдэхгүй нь ойлгомжтой.

Ингээд төд удалгүй буюу өнгөрсөн тавдугаар сард Вейсел Акчайн албан тушаал өөрчлөгдсөн. Удаа ч үгүй “Эмпати” сургуульд бүтцийн өөрчлөлт болж, ажилчдынхаа олонхыг сольсон байдаг. Эл явдлаас хойш хоёр cap хүрэхгүй хугацааны дараа Вейсел Акчайг хулгайлсан хэрэг мандсан нь хачирхмаар.

АМЕРИКУУД ХӨНДЛӨНГӨӨС НӨЛӨӨЛСӨН ҮҮ

“Чингис хаан” олон улсын нисэх буудалд Туркийн агаарын хүчний ТТ-4010 дугаартай онгоц Вейсел Акчайг авч явахаар хүлээлгийн горимд байсан ч санасан хэргээ гүйцэлдүүлж чадалгүй нутаг буцсанд америкууд нөлөөлсөн болзошгүй гэсэн таамаг бий. Учир нь АНУ-ын иргэн, номлогч Эндрю Брансон ФЕТО (The fetullah terrorist organizion)-ыг санхүүжүүлсэн хэргээр 2016 оны аравдугаар сард Туркт баривчлагдсан юм. Уг асуудлаар Ерөнхийлөгч Дональд Трамп, Р.Т.Эрдоган нар хэвлэлд өгсөн ярилцлага болон твиттер хуудсаар дамжуулан байр сууриа удаа дараа ширүүхэн илэрхийлж байсан. АНУ-ын талаас номлогч Эндрю Брансоныг суллахыг шаардсан ч Туркийн зүгээс эрс эсэргүүцэн сүүлдээ сөнөөгч онгоц худалдаж авах гэрээнд сөргөөр нөлөөлөх хэмжээнд хүртлээ асуудал томорсон юм.

Тэгвэл Вейсел Акчайг хүчээр нутаг буцаах гэсэн дээрх хэрэгт Америкийн Элчин сайдын яамнаас “сануулга” өгснөөр тэдний санаархал бүтэлгүйтсэн гэж үзэх хүмүүс ч бий юм.

БНТУ бол манай улсад санхүүгийн багагүй тусламж үзүүлж ирсэн орнуудын нэг. Энэ утгаараа хоёр орон найрамдалт харилцаанд нэмэх үнэлгээ өгч болно. Хоёр орны эдийн засгийн эргэлт 30 сая ам.доллар байгаа нь өнөөгийн нөхцөлд хангалтгүй үзүүлэлт гэж үзэн үүнийг нэмэгдүүлэх арга эрэлхийлж буй. Ийм цаг үед Вейсел Акчайг хулгайлсан гэх хэрэг олны анхааралд орчихлоо. Хэрэг хаашаа шийдэгдэхийг цаг хугацаа харуулах биз ээ.

 

Зураг
x