Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Цогтбаатар сайд мэдээлэл хийх эсэх нь тодорхойгүй байна

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар өнгөрсөн өдрүүдэд эзгүй байж түүнийг дэд сайд нь орлож байсан билээ. 

Д.Цогтбаатар өнгөрсөн долоо хоногт Шашин шүтэх эрх чөлөөний асуудлаарх Сайд нарын олон улсын анхдугаар бага хурал АНУ-ын Вашингтон хотноо болсонд оролцсон юм. 

Тус хурлаар дэлхий дахинд өрнөж буй шашин шүтэх эрх чөлөө, тулгараад буй бэрхшээл, шашны урсгал, бүлгүүдийн эсрэг ялгаварлан гадуурхахыг таслан зогсоох, шашин шүтэх эрх чөлөөг хүндэтгэх явдлыг дэмжих болон цаашид авах арга замыг тодорхойлох асуудлыг хэлэлцсэн байна. 

Тэрбээр энэхүү томилолтынхоо үеэр АНУ-ын Конгрессын гишүүдтэй уулзсан талаар бид мөн мэдээлсэн.

Конгрессын гишүүдийн зүгээс Монгол Улс ардчиллыг тууштай дэмжигч ба АНУ-ын чухал түнш гэдгийг онцлон, Монголын хөгжлийн эрмэлзэлд тууштай дэмжлэг үзүүлэхэд бэлэн буйгаа нотолж, манай сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээлд татваргүй нийлүүлэх тухай “Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төслийг ойрын хугацаанд Конгресст өргөн барихаар төлөвлөж байгааг танилцуулжээ.

Харин Д.Цогтбаатар сайд АНУ нь Монгол Улсын чухал гуравдагч хөрш болоод ойрын түнш болохыг онцолж, Конгрессын хоёр намын хамтын хүчин чармайлт болох тус төслийг Монголын эдийн засгийн хөгжлийг дэмжиж, ажлын байр нэмэгдүүлэх төдийгүй, Монгол, АНУ-ын эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэж итгэж байна хэмээн талархал илэрхийлжээ.

“Mongolia Third Neighbor Trade Act” хуулийн төсөл нь Монголд үйлдвэрлэсэн сүлжмэл бүтээгдэхүүнийг Америкийн зах зээл рүү татваргүй оруулах асуудлаар АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампад дэвшүүлсэн Ерөнхийлөгч Х.Баттулгын санал, санаачлагын эхний алхам болж байгаа аж. 

Д.Цогтбаатар сайдыг томилолтоо дуусгалгүй эх орноо зорьсон талаар АНУ-д суугаа Элчин сайд Ё.Отгонбаяр мэдээлсэн билээ. 

Д.Цогтбаатар сайд өнөөдрийн байдлаар эх орондоо ирсэн эсэх, өнгөрсөн Баасан гарагт болсон Вейсел Акчайн хэрэгтэй холбогдуулан мэдэгдэл хийх эсэх талаар Гадаад харилцааны яамныхан одоогоор тодорхой мэдээлэлгүй байна.