Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/30-НД НИЙТЛЭГДСЭН

Аккумляторын шингэнийг хөрсөнд булах уу, эсвэл... -2

Д.Оюунчимэг, Зууны мэдээ
2018 оны 7 сарын 30
Зууны мэдээ
Зураг зураг

Бид хог хаягдлыг дахин боловсруулах менежментийн тухай ярьж байгаа. Нийслэлийн хэмжээнд жилд 1.5 сая тонн хог гардаг. Гэтэл монголчууд хогоо ангилж хаях хандлага төлөвшөөгүй. Монгол Улсад хог хаягдлыг цуглуулж булах менежмент илүү хөгжсөн болохоос дахин боловсруулах ажлыг хийж байгаагүй.

Хогийг дахин боловсруулж өртөг шингээн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэснээр эдийн засгийн хувьд болон агаар, хөрсний бохирдлыг бууруулах том алхам гэдгийг Монголын хог хаягдлыг дахин боловсруулах үндэсний холбооны ерөнхийлөгч Д.Бямбасайхан онцолж байсан юм. Тэрээр манай улсад хог хаягдлын 20 хувийг боловсруулан эцсийн бүтээгдэхүүн хийдэг гэлээ.

ХОГ ХАЯГДАЛ БА ЭЦСИЙН БҮТЭЭГДЭХҮҮН

Аккумляторыг задалж бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй компани буруутай үйл ажиллагаа явуулж, хянуулж, шалгуулж байгаа аж. Гэхдээ энэ төрлийн үйлдвэр байгуулах нь манай улсад хэрэгтэй. Учир нь аккумляторын хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй энэ цаг үед хэрэглээнээс гарсан аккумляторыг хаана хаях вэ гэдэг асуудал тулгарч буй. Хог хаягдлын тухай хуулийн 25 дугаар зүйлд Аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгахад тавих шаардлагыг тусгасан байдаг. Тухайлбал, хог хаягдал хадгалах, устгах байгууламжийг усны сан бүхий газар, усны эх үүсвэрийн онцгой болон энгийн хамгаалалтын бүс, хүн амын унд, ахуйн усан хангамжийн эх үүсвэрийн тэжээгдлийн мужийн дотор байгуулахыг хориглодог аж. Түүнчлэн энэ төрлийн үйлдвэрлэл эрхлэхэд нэг хувийн чийгийн хангамшилтай жилийн үерийн урсцын хэмжээнд тооцсон үерийн хамгаалалтын барилга байгууламжтай, хүчтэй газар хөдлөлийн нөлөөллийг тооцож байгууламжийг барьсан байх шаардлагатай юм байна. 

Энэ мэтчилэн олон заалтыг хуулийн 25 дугаар хэсэгт оруулж өгчээ. Мөн аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгж хуулийн дагуу ажиллахаас гадна аюултай хог хаягдал хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаанаас үүсч болох аюул, ослоос урьдчилан сэргийлэх төлөвлөгөөтэй байх учиртай. Түүнээс гадна аюултай эд анги агуулсан бүтээгдэхүүний хаягдал цуглуулах үйл ажиллагааг аюултай хог хаягдал хадгалах үйл ажиллагааны нэг хэлбэр гэж үздэг учраас хууль, журмын дагуу ажиллах ёстой аж.

Аккумляторт хар тугалга, мөнгөн ус, кадми гэсэн 10 гаруй төрлийн химийн бодис агуулагддаг тухай доктор Ш.Пүрэвсүрэнгийн “Орчны бохирдол-Таны амьдралд” номонд бичсэн байна. “Хар тугалга нь хүний бүх эрхтэнд сөрөг нөлөө үзүүлдэг хортой бодис” гэдгийг Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс гаргасан судалгаанд ч дурдсан байна.

Гэр хороолол болон автомашины худалдаа тойрсон газруудад ченжүүд хуучин аккумляторыг хүчин чадлаас нь хамаарч худалдаж авдаг. Үүнийг журмаар цэгцэлж эхэлсэн байна. Өнгөрсөн тавдугаар сарын 2-нд Монгол Улсын Засгийн газар 116 дугаар тогтоолоор Аюултай хог хаягдлыг түр хадгалах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах болон бүртгэх, тайлагнах журмыг баталжээ. Журмыг ирэх сарын 1-нээс мөрдөж эхэлнэ гэдгийг мэргэжилтнүүд онцолсон юм.

ХУУЧИН АККУМЛЯТОРЫГ ХЭН ХУДАЛДАЖ АВАХ ВЭ?

Шинэ журмаар хуучин аккумляторыг худалдаж авах төвлөрсөн цэгтэй байхыг зааж өгсөн. Тусгай зөвшөөрлөөр үйл ажиллагаа нь зохицуулагдах юм байна. Мэдээж автомашин аккумляторгүйгээр явахгүй.

Тодорхой хугацааны дараа сольж шинэчлэх зайлшгүй шаардлага бий. Хэдийгээр зохион байгуулалтад орж байгаа ч хувь хүн ухамсраараа аюултай хог, хаягдлыг зориулалтын газар нь тушааж хэвших, дадалд суралцах хэрэгтэйг мэргэжлийн хяналтын байгууллагаас сануулсан юм. Одоогоор хог авдаг цэгүүдэд мэр сэр тушааж, түүнийг нь хотоос зайдуухан задалж байгаад хар тугалгыг нь зарж борлуулдаг нь нууц биш. Тиймээс нэгдсэн зохион байгуулалтад оруулж, дахин боловсруулах үйлдвэрийг горимын дагуу ажиллуулах нь аюултай хог хаягдлаас ангижрах нэг боломж юм. 

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Бид хуулийн хүрээнд, дүрэм журмыг баримтлан ажиллах дадалд суралцах хэрэгтэйг цаг хугацаа харуулж байна. Хамгийн энгийн жишээ бол аккумляторыг хэрхэн ашиглаж, хаях вэ гэдэг асуудалд анхаарлаа хандуулах цаг иржээ. Манай улсад химийн аюултай хаягдал, бодисыг хэрхэн устгах талаар зохицуулалт байхгүй гэдэг ойлголт нийгэмд бий.

Тэгэхээр энэ талын мэдээллийг олонд түгээх ажлыг холбогдох байгууллагууд хийх нь зүйтэй болов уу. Нөгөөтээгүүр үйлдвэрлэл эрхлэхийг зорьж буй хүм үүс алхам бүрээ хуульд нийцүүлэн ажиллах учиртай юм. Нэгэнт байнга гарч байх хогийг эдийн засгийн эргэлтэд оруулах боломж болгох нь хаа хаанаа хэрэгтэй. Тэгэхээр хогийг булаад устгахад мөнгө зарцуулах уу, дахин боловсруулж мөнгө босгох уу гэдэг сонголт бидний өмнө байна. Хэрхэх нь төрийн байгууллагаас гадна хувийн хэвшил, хувь хүнд ч хамаатай асуудал юм.

Зураг