Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/25-НД НИЙТЛЭГДСЭН

АТГ: Томоохон хэргүүд замхарч, шийдэгдэхгүй байна гэх шүүмжлэлийг бид хүлээн зөвшөөрнө

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Авлигатай тэмцэх газраас сар бүрийн 25-нд зохион байгуулдаг хэвлэлийн бага хурлыг шууд дамжуулан хүргэж байна. 

Урьдчилсан байдлаар өнөөдөр хийх мэдээллийг хүргэсэн билээ.

ШУУД ҮЗЭХ: 

https://www.facebook.com/iKonNews/videos/894017584117144/

Албаны хүмүүс өнгөрсөн сард хийсэн ажлаа танилцуулж үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгч байна. 

Тухайлбал: 

- Оюутолгойн хэргийн хяналт шалгалтын явцыг танилцуулна уу?

- Монгол улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг мөрдөн шалгах ажиллагаа үргэжилж байна. Одоогоор тэднийг хязгаарлалт тогтоон шалгаж байгаа. Хязгаарлалтын хүрээнд тодорхой хүмүүс болон хилээр нэвтрэхийг хориглосон. 

Мөн яллагдагчийн хүсэлтийн дагуу С.Баярыг АТГ-ын дарга хүлээн авч уулзсан. Үүнд хууль зөрчсөн зүйл байхгүй. Яллагдагч нар АТГ-ын удирдлагатай уулзах эрхтэй. Үүнд тухайн хүний ямар ажил албан тушаал хашиж байсан нь хамаарахгүй. 

- Ерөнхий сайдын туслах байсан, одоо МИАТ компанийн дэд захирал Энхбаатарыг саатуулан шалгаж байгаа гэсэн. Ерөнхий сайд АТГ-ын даргатай уулзан ажлаа өгөхийг шаардсанаас болоод хамаарал бүхий этгээдийг нь шалгаж эхэллээ гэх мэдээлэл байгаа. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

- МИАТ компанийн дэд захиралыг авлигал албан тушаалын хэрэгт холбогдуулан хойшлуулшгүй саатуулах арга хэмжээг өчигдөр авсан. Хэвлэлээр гараад байгаа шиг 600 сая төгрөгийн авлига өгч эсвэл авч байхад нь газар дээр нь барьсан асуудал байхгүй. Үргэжлүүлэн хорих эсэхийг өнөөдөр шүүх шийдвэрлэнэ. 

Хэрэг мөрдөн байцаалтын шатанд явж байгаа учраас өөр мэдээлэл өгөх боломжгүй. АТГ бүх үйл ажиллагаагаа прокурор байгууллагын олгосон зөвшөөрлийн хүрээнд явуулдаг. Бид ямар нэгэн нам эвсэл улс төрийн зорилгоор үйл ажиллагаа явуулдаггүй. 

Бид санаачлагаараа шууд ямар нэгэн хэргийг тогтоогоод зөвшөөрөлгүйгээр шалгадаггүй.

- Олон нийтийн анхаарлын төвд байгаа хэргүүдийг шалгаж байна гэж байгаад хэрэгсэхгүй болгож байна. Үүний нэг жишээ нь 60 тэрбумын хэрэг. Энэ талаар тайлбар өгөөч?

- 60 тэрбумын хэргээр нээлттэй сонсгол явуулах хүртэл нөхцөл үүсээд явж байгаа. Би өмнө нь энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хэд хэдэн удаа өгсөн. 

Прокурорын байгууллагаас энэ хэргийн талаар тодруулах нь илүү зөв байх. 

Мөн Эрдэнэтийн 49 хувийг ямар хөрөнгийн эх үүсвэрээр худалдан авсан тухай хэргийг Цагдаагийн байгууллагатай хамтран ажлын хэсэг байгуулан шалгаж байгаа. 

Томоохон хэргүүд замхарч, шийдэгдэхгүй байна гэх шүүмжлэлийг бид хүлээн зөвшөөрнө. Хууль эрх зүйн орчин өөрчлөгдөөд 2017 оны долоодугаар сарын 1-нээс шинэ хуулийн зохицуулалтад орсон. Авлига албан тушаалын хэрэг алга урвуулахын хооронд хурдан шалгагдаад шийдэгддэггүй. 

- АТГ-ын шалгаж байгаа хэргүүд улс төрийн нөхцөл байдалтай уялдаад байдаг нь ямар учиртай юм бэ?

- Шалгагдаж байгаа хэргүүд улс төрийн өнгө аястай холбоогүй гэдгийг албан ёсоор хэлье. Нийгмээс бидэнд хүлээлт их байгааг мэдэж байгаа ч мөрдөн байцаагчдын орон тоо цөөн, нэг байцаагчид ногдох хэргийн тоо олон байгааг хэлмээр байна. Бид боломжоороо хэргүүдийг хурдан шалгахыг зорьж ажиллаж байгаа.

 - АТГ С.Баяр, Ч.Сайханбилэг, С.Баярцогт нарыг хоёр сар орчим хорьсон. Энэ хугацаанд тус бүр хэдэн удаа байцаасан бэ?

- Хуулийн хүрээнд хорьж байцаасан. Хорих хугацаандаа хуулийн хүрээнд авах ёстой арга хэмжээ, үйл ажиллагааг явуулсан. Үүнээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. 

- Аймгууд нөөц хөрөнгөөрөө бөхчүүдийн цолны найрыг зохион байгуулсан гэх яриа ам дамжин явж байна. Энэ хэргийг АТГ-аас шалгасан уу. Бөхчүүдийн найраа гээд авлигын хэрэг бас яригддаг. Үүнийг шалгах боломжтой юу?

- Хуулинд авлигын субьект нь төрийн байгууллага, албан хаагчид гэж заасан байдаг. Тиймээс бөхчүүдийн асуудлыг шалгах боломжгүй.