Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/23-НД НИЙТЛЭГДСЭН

Японы цаг уурчид агаарын хэт халалтын шалтгааныг тайлбарлажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн өдрүүдэд Японы арлуудад тохиолдож байгаа хэт халалтын шалтгааныг тус улсын цаг уурын хүрээлэн тайлбарлажээ.

Тэдний мэдээлснээр агаарын өндөр даралтын хоёр систем Японы арлуудын орчимд давхцсан нь үхэл дагуулсан халалтын үүсэх нөхцөл болсон байна.

Тухайлбал газрын гадаргаас 5,000 метрийн өндөрт Номхон далайн өндөр даралтын систем үүссэн бол нөгөө талаас Төвөдийн өндөрлөгийн өндөр даралтын систем 15,000 орчим метрийн өндөрт тархаж, долдугаар сарын 10-наас эхлэн Японы арлуудын дээр давхцах болсон гэнэ.

Ингэж давхцсаны үр дүнд халуун агаар газрын гадарга руу түлхэгдэж байгаа ажээ.

Aгаарын хэт халалт наймдугаар сарын эхэн хүртэл үргэлжлэхийг цаг уурчид анхааруулсан байна. Сүүлийн байдлаар Япон даяар ажилладаг 927 цаг уурын станцын 179 нь Цельсийн 35 хэмээс дээш халалтыг зааж байгаа бол 687 нь 30 хэмээс дээш зааж байгаа юм.

Хэт халалтаас болж өдөр бүр амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж байна. Өчигдөр буюу Ням гарагт далайн эргийн ойролцоо амарч байсан 9 хүн нас барж, 28 хүн эмнэлэгт хүргэгджээ.

 

Эх сурвалж: Asahi Shimbun