Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/22-НД НИЙТЛЭГДСЭН

Сергей Лавров тагнуулын хэрэгт сэжиглэгдэж, баривчлагдсан Орос эмэгтэйг суллахыг АНУ-ын талаас шаардав

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Бямба гарагт ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеотой утсаар ярьж, Хельсинкийн уулзалтаар Трамп, Путин нарын тохиролцсоны дагуу хоёр орны харилцааг сайжруулахад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэлэлцжээ.

Энэ үеэр Лавров тагнуулын хэрэгт сэжиглэгдэн АНУ-д баривчлагдаад байгаа ОХУ-ын иргэн Мария Бутинаг суллахыг АНУ-ын талаас шаардсан байна. Тэр өөрийн улсын иргэн эмэгтэйг “зохиомол хэрэгт буруутгагдсан” гэж тайлбарлажээ.

Өнгөрсөн Лхагва гарагт АНУ-ын шүүх 29 настай Бутинаг тус улсын эсрэг тагнуулын ажиллагаа явуулсан шалтгаанаар баривчлах шийдвэр гаргасан юм. Прокурорууд түүнийг Оросын тагнуулын байгууллагатай шууд холбоотой, АНУ-аас оргон зайлах магадлалтай гэж үзээд шүүх хурлыг хүртэл хорих хүсэлт гаргасныг ийнхүү хэрэгжүүлжээ.

Мария Бутинаг Оросын засгийн газрын өндөр албан тушаалтнуудтай холбоотой, АНУ-ын зарим иргэнтэй хамтарч ажилладаг, галт зэвсэг эзэмших эрхийг хамгаалах NRA (National Rifle Association) байгууллагад нэвтрэн Оросын талаарх Вашингтоны бодлогод нөлөөлөхийг оролдсон гэж тэд үзжээ.

Ингэхдээ Бутина Америкийн зарим албан тушаалтнуудтай дотно харилцаа үүсгэж, хариуд нь дэмжлэг авах санал тавьж байсан гэж прокурорууд мэдэгдсэн юм.

АНУ-ын эрх баригчид зохиомол хэрэгт үндэслэн Бутинаг баривчилсан гэж үзэж байгаагаа Лавров илэрхийлээд түүнийг даруй суллахыг Помпеогоос хүссэн байна.

Үүнээс гадна хоёр орны гадаад бодлогын тэргүүнүүд Сирид хүмүүнлэгийн нөхцөл байдлыг сайжруулах, Хойд Солонгосын цөмийн зэвсгийг хураахад гарч буй хүндрэлүүдийн талаар хэлэлцсэн гэж албаны мэдэгдэлд дурджээ.

 

Эх сурвалж: The Guardian