Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Цуурхлаас үүдэлтэй аллагуудын улмаас WhatsApp Энэтхэг дэх үйлчилгээгээ хязгаарлах шийдвэр гаргалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

WhatsApp мессэнжэрээр худал цуурхал тарсны улмаас энэ онд Энэтхэгт 20 гаруй гэмгүй хүн хүүхэд хулгайлагч гэж сэжиглэгдэн бүлэг хүмүүсийн гарт амь үрэгдээд байгаа.

Тэгвэл тус мессэнжэрийн компани Энэтхэгийн зах зээл дэх үйлчилгээндээ мессэж дамжуулах (message forward) тоонд хязгаар тавихаар болсон байна.

Энэтхэг улсын хэрэглэгчид дэлхийн аль ч орны хэрэглэгчдээс илүү ихээр бусдын бичсэн мессэжийг өөр хоорондоо дамжуулж, хуваалцдаг гэнэ.

Тиймээс Энэтхэгийн хэрэглэгчдийн форвард хийх тоонд онцгойлон хязгаарлалт тавих туршилтыг эхлүүлснээ WhatsApp компани өчигдөр мэдээлжээ.

Уг хязгаарлалтын хүрээнд нэг мессэжийг цааш дамжуулах тоог 5-аас хэтрүүлэхгүй болгож, мессэж бүрийн дэргэд байдаг “quick forward” товчийг алга болгох гэнэ.

Харин Энэтхэгээс бусад дэлхийн улс орнуудын хэрэглэгчдийн нэг мессэжийг форвард хийх дээд хязгаарыг 20 болгохоор болжээ. Дэлхий дахинд 1.5 тэрбум хэрэглэгчтэй WhatsApp-ийн түүхэнд энэ нь томоохон өөрчлөлт болох юм.

Энэтхэгт үргэлжилж байгаа хүчирхийллийг зогсоохын тулд ямар нэг арга хэмжээ авахыг Энэтхэгийн Мэдээллийн Технологийн яам WhatsApp-аас шаардаж, арга хэмжээ авахгүй бол хуулийн хариуцлага тооцохоо урьд нь мэдэгдэж байв.

Энэтхэгийн зах зээлд WhatsApp мессэнжэрийг хэрэглэдэг 255 сая хүн бий. Тус сүлжээгээр хүүхдийн хулгайч нар орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа тухай хуурамч мэдээлэл хүчтэй тарсны дараа алслагдсан тосгон суурингийн иргэд сэжигтэй гадны хүнийг хүүхэд хулгайлахаар ирсэн гэж хардаж, бүлэглэн довтлох болсон юм. Ийм халдлагын улмаас он гарсаар тус улсад 20 гаруй хүн амиа алдаад байна.

 

Эх сурвалж: The Washington Post