Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын живсэн хөлгийн асуудлыг Өмнөд Солонгосын эрх баригчид анхааралтай ажиглаж байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

200 тонн орчим алт тээвэрлэж явсан гэгддэг, 113 жилийн өмнө живсэн Оросын байлдааны хөлөг саяхан Өмнөд Солонгосын усан хил дотор олдсон тухай мэдээлсэн билээ.

Орос-Японы дайны үеэр буюу 1905 онд живсэн Дмитрий Донской хөлгийн эх биеийг Өмнөд Солонгосын Шинил групп далайн мандлаас 450 орчим метрийн гүнд байгааг илрүүлжээ.

Тус компанийн мэдээлж байгаагаар уг хөлөгт 150 их наяд воны ($132 тэрбум) үнэлгээтэй алт агуулагдаж байж болзошгүй гэнэ.

Өмнө нь бас Дмитрий Донской хөлгийг олсон тухай мэдээлэл тарж байсан. Жишээ нь Дон-А барилгын компани хэдэн жилийн өмнө ийм мэдээлэл тарааж, өөрийн хувьцааны үнийг өсгөөд дараа нь дампуурлаа зарласан юм.

Тиймээс Өмнөд Солонгосын эрх баригчид үүнтэй адил луйвар явагдахаас болгоомжилж, Шинил компанийн үйл ажиллагааг анхааралдаа авчээ.

Хэдийгээр Шинил нь нээлттэй компани биш боловч Оросын хөлгийг олсон мэдээллийн дараа тус компанийн эзний сонирхож байгаа Jeil Steel компанийн хувьцааны үнэ KOSDAQ хөрөнгийн зах дээр 30 хувиар өссөн байна.

Хэрвээ сонирхож байгаа наймаа хэрэгжвэл Шинилийн ерөнхийлөгч тус компанийн хамгийн том хувь эзэмшигч бус, хоёр дахь түвшний эзэмшигч болно гэсэн мэдээлэл дараа нь ил болсон юм. Мөн Jeil Steel нь эрдэнэс ангуучлах үйл ажиллагаанд хамаагүй гэсэн мэдээлэл тарсны дараа өчигдөр хувьцааны үнэ нь 20 хувиар буурсан байна.

Тиймээс Өмнөд Солонгосын санхүүгийн зохицуулах байгууллага Jeil Steel компанийн арилжааг анхааралдаа авсан гэнэ. Тэд Дон-А компанийн түүхийг давтаж, хөрөнгө оруулагчдыг хохироохоос болгоомжилж байгаа юм.

Оросын эрдэмтэд өмнө нь ийм хэмжээний алтыг нэг хөлөг онгоцоор тээвэрлэх ёсгүй, төмөр замаар зөөх нь илүү аюулгүй байсан гэсэн тайлбар хийж, Дмитрий Донской хөлөгт их хэмжээний алт байгаад эргэлзэж байгаагаа илэрхийлж байжээ.

Мөн живсэн хөлгийг далайн уснаас гаргаж авахын тулд Шинил групп засгийн газраас зөвшөөрөл авах ёстой. Олдсон эрдэнэсийн үнэлгээний 10 хувьтай тэнцэх барьцааг төлж байж ийм ажиллагааг эхлүүлэх зөвшөөрөл авдаг. Одоогоор Шинил зөвшөөрөл авсан эсэх нь тодорхойгүй байгаа.

Зарим судлаачид 6,200 тонн жинтэй, 12 их буутай, 500 усан цэрэгтэй уг хөлөг 1,600 тонн нүүрсний (түлш) нөөцтэй байж далайд аялдаг. Ийм нүсэр хөлөгт 200 тонн алт тээвэрлэх боломжгүй гэж дүгнэсэн байна.

200 тонн алт нь өнөөдрийн Өмнөд Солонгосын төв банкны нөөцөөс хоёр дахин их хэмжээ юм. Ийм алт агуулагдаж байлаа ч өмчлөлийн асуудал маргаантай.

Хэрвээ алт олдвол Орос улс нэхэх бүрэн эрхтэй юм. Өмнөд Солонгосын хууль ёсоор олдсон эрдэнэсийн 80 хувийг илрүүлсэн этгээд авч, үлдсэн нь засгийн газрын санд ордог байна.

 

Эх сурвалж: Associated Press