Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Трамп Google-ийг өмөөрч, Европын Холбоог занав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Google компанид $5 тэрбумын торгууль ноогдуулсан Европын Холбоог АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп буруутгасан мэдэгдэл хийжээ.

Андроид системийг гар утас үйлдвэрлэгчдэд ашиглуулахдаа өөрийн хайлт, броузер, газрын зураг зэрэг үйлчилгээнүүдийг үйлдвэрээс гарахад нь суурилагдсан байх нөхцөл тавьдаг нь шударга өрсөлдөөнийг боомилж байна гэж Европын Холбооны эрх баригчид дүгнэсэн юм.

Тэгвэл Трамп твиттер хуудсандаа энэ талаар “Би өмнө нь анхааруулж байсанчлан Европын Холбоо манай томоохон компаниудын нэг Google-ийг таван тэрбумаар торголоо! Тэд үнэндээ Америкийн давуу талыг сайн ашиглаж байгаа. Гэхдээ удаан ингэхгүй ээ!” гэж бичжээ.

Европын Холбоотой алдагдалтай наймаа хийж байгааг шүүмжилдэг байсан Трамп саяхнаас тус эвслийн эсрэг худалдааны хатуу бодлого хэрэгжүүлж эхлээд байгаа.

Тэр өнгөрсөн долоо хоногт Британид айлчлах үеэр CBS сувагт ярихдаа Европын Холбоог өөрийн дайснаар нэрлэсэн юм. Дэлхийн ямар улс орон АНУ-ын өрсөлдөгч болохыг асуухад Трамп “Бидэнд маш олон дайсан, өрсөлдөгч бий. Бидэнтэй ямар худалдаа хийж байгааг нь харвал Европын Холбоо манай дайсан юм” гэж хариулж байв.

Лхагва гарагт Google компани Европын Холбооны торгуулийг эсэргүүцэж, шүүхээр давж заалдахаа мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: The Guardian