Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Үерт автсан $3 саяын өртөгтэй туяаны аппаратыг засварлахад ямар зардал гарах нь тодорхойгүй байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Австрийн Засгийн газрын 3 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр Хавдсар судлалын үндэсний төвд суурилуулж байсан туяаны шинэ аппаратын суурийн хэсэг үерийн усанд автжээ.

Өчигдөр болсон Улсын комиссын хуралдааны үеэр Цөмийн комиссын нарийн бичгийн дарга, онцгой комиссын гишүүн Г.Манлайжав энэ талаар мэдээллийг танилцуулсан юм.

Тэрбээр "ХСҮТ-ийн өргөтгөлийн зоорийн давхар үерийн усанд автсанаас болж гурван сая ам.долларын өртөг бүхий туяаны шинэ аппаратын суурийн хэсэг эвдэрсэн. Аппаратыг тус давхарт суурилуулах ажил үргэлжилж байсан бөгөөд мотор болон цахилгааны хэсэг нь усанд автаж, ашиглах боломжгүй болсон.

Одоогоор мэргэжлийн байгууллагууд зоорийн давхарт ус орсонд буруутай этгээдийг тодруулахаар ажиллаж байгаа. Зам тавьсан болон зоорийн зураг төсөл гаргаж, барьсан гээд бүх талуудыг шалгаж буруутай талыг тогтоох байх.

Аппратуудыг засахад шаардлагатай хөрөнгийг Засгийн газраас шийдвэрлэж өгөх боломжтой юу. Буруутай этгээдийг тодруулах цагдаа, шүүх гээд асуудал удах учраас эмчилгээ удах төлөвтэй байна" гэсэн юм. 

"Хуучин барилгын дээврээс ус гоожсон, хонгилд үерийн ус орж ирсэн нь хоёр өөр асуудал"

Тэгвэл "Өнөөдөр" сонинд ХСҮТ-ийн ерөнхий захирал Ж.Чинбүрэн ХСҮТ-ийн одоогийн нөхцөл байдлын талаар дэлгэрэнгүй ярилцлага өгчээ.

Тэрбээр "Хуучин барилгын дээврээс ус гоожсон, хонгилд үерийн ус орж ирсэн нь хоёр өөр асуудал.

1982 онд ашиглалтад орсон хуучин барилгад их засвар ер хийгээгүй. Хэсэгчлэн зассан. Иж бүрэн завсар хийхэд 600 орчим сая төгрөг шаардлагатай. Энэ мөнгийг 2019 оны төсөвт тусгахаар ЭМЯ шийдсэн. Гэхдээ бид үүнээс өмнө ажил эхлүүлэх гаргалгаа хайж байна. Засварын ажлыг урьдчилан хийгээд дараа нь санхүүжилтээ авах компани бий, эсэхийг судалж байна. Дээврээс ус гоожихгүй болсон тохиолдолд л маммографийн аппаратаа ажиллуулах боломжтой.

 
Гэрэл зургийг mpa.mn

Өргөтгөлийн зоорийн давхарт ус орсон тухайд бол эмнэлгийн эргэн тойронд олон зам тавьж өгсөн нь сайхан. Гэвч борооны ус зайлуулах суваггүй тавьснаас хонгилын давхар руу ус орсон гэж үзэж байгаа. 

Бид өргөтгөлийн барилгадаа туяа эмчилгээний шинэ төхөөрөмжүүдийг суурилуулахаар ажлаа эхлээд байсан юм. Харамсалтай нь, тэр хэсэг усанд автсан. Тиймээс мэргэжлийн компанийн заавраар тоног төхөөрөмж суурилуулахаар зэхэж янзалсан суурийг бүгдийг салгаж, зэврэхээс сэргийлэн тосолж, цэвэрлэсэн. Туяа аппаратын суурь буюу хөдөлгөөн бэхлэх хэсгийн хохирлын хэмжээг тогтоох амаргүй. Ямар, ямар сэлбэг солих вэ гэдгээс шалтгаалах учраас. 

Шинэ барилга хэрнээ яагаад ханаар нь ус нэвчээд хонгил нь усанд автдагийг мэргэжлийн байгууллагуудаар тодорхойлуулна. Буруутай этгээдийг олж тогтоох нь чухал. Хэн нэгний мууг үзэхдээ биш, усанд автсанаас үүссэн хохирлыг хэн төлөх вэ гэдэг асуудал гарч ирж байна." гэжээ. 

Зоорийн давхарт орсон үерийн усыг шавхаж, гадна талын авто замаас орж ирж буй усыг нэвтрүүлэхгүй хашлага хийгээд байгаа аж.