Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Тайваний ерөнхийлөгчийг АНУ нутагтаа газардуулж, Бээжингийн тэвчээрийг шалгана

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Ирэх сард Өмнөд Америкийг зорих гэж байгаа Тайваний ерөнхийлөгч Цай Ин Вэний нисэх онгоцыг өөрийн аль нэг хотын нисэх буудалд газардахыг Вашингтоны эрх баригчид зөвшөөрөх төлөвтэй байгааг эх сурвалжууд мэдээлжээ.

Ингэснээр Америкчууд тусгаар тогтносон арал улсыг дэмжиж байгаагаа Хятадын эрх баригчдад харуулах гэнэ. Цай Ин Вэн наймдугаар сарын 15-нд болох Парагвайн ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолд оролцох юм.

Парагвай улс бол Тайваний дипломат харилцаатай 18 орны нэг, Өмнөд Америк дахь цорын ганц түнш нь ажээ.

Уг аялалынхаа замд Тайваний ерөнхийлөгч АНУ-ын Хьюстон, Майами зэрэг өмнөд бүсийн хотуудад түр саатах төлөвтэй байна.

Харин Бээжингийн уурыг хэт хүргэхгүйн тулд Вашингтонд буухыг нь зөвшөөрөхгүй гэж эх сурвалж мэдээлжээ.

Хэрвээ Цай Ин Вэн АНУ-ын аль нэг хотод саатвал Вашингтон-Бээжингийн геополитикийн сөргөлдөөнд гал нэмсэн хэрэг болох юм.

Талууд одоогоор Өмнөд Хятадын тэнгис, Тайваний хоолойд сөргөлдөж байгаагаас гадна худалдааны дайн эхлүүлээд байгаа.

2016 оны тавдугаар сард ерөнхийлөгчийн тангараг өргөсөн Цай Ин Вэн гадаад айлчлалынхаа үеэр гурван удаа АНУ-ын нутаг дэвсгэрээр дайраад байна.

АНУ 1979 онд эх газрын Хятадтай харилцаагаа хэвийн болгосноосоо хойш Тайваньтай ямар нэг албан ёсны харилцаагүй явсаар ирсэн юм. Гэвч тэр жилдээ баталсан Тайваньтай харилцах хуулийн дагуу өнөөдрийг хүртэл зэр зэвсгийн тусламж үзүүлсээр байгаа.

1995 оны тавдугаар сард Тайваний ерөнхийлөгч асан Ли Дэн Хуйг АНУ анх удаа Нью Йорк мужийн Корнеллийн их сургуулийн арга хэмжээнд оролцохыг зөвшөөрсөн юм. Энэ нь 1979 оноос хойш анх удаа Тайваний удирдагчийг нутаг дэвсгэртээ нэвтрүүлсэн хэрэг байв.

 

Эх сурвалж: South China Morning Post