Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Казахстаны уран гулгагч машин тоногчдод хутгалуулж амиа алдсан байна

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Казахстаны уран гулгалтын тамирчин Денис Тэн гэдсэндээ хутгалуулсны улмаас шархаа даалгүй амиа алдсаныг тус улсын эрүүл мэндийн яам мэдээлжээ.

Түүнийг өчигдөр Алматын эмнэлэгт хүргэсэн ч удалгүй амьсгал хураасан байна. Цагдаагийн урьдчилсан дүгнэлтээр түүний машины толийг хулгайлах гэж байсан хоёр этгээд тамирчныг хутгалаад зугтаасан гэнэ.

Эмнэлэгт хүргэгдсэн Тэнд 2 цаг орчим үргэлжилсэн хагалгаа хийсэн ч дотор эрхтнүүд нь ноцтой гэмтсэн байсан тул аварч чадаагүй гэж эмч нар мэдээлжээ.

Өнгөрсөн долоо хоногт 25 нас хүрээд байсан Денис Тэн 2014 оны Сочигийн Олимпийн хүрэл медальт, 2013, 2015 онуудын дэлхийн аваргын мөнгөн медальт тамирчин байв. Тэрээр уран гулгалтын төрлөөр олимпийн медаль зүүсэн Казахстаны анхны тамирчин байжээ.

Тэн бас Солонгос цагаачдын үр удам байсан юм.

Тамирчны үхэлтэй холбогдуулан Олон Улсын Уран Гулгалтын Холбоо, Казахстаны Спорт, Соёлын яам, Казахстаны үндэсний олимпийн хороо эмгэнэлийн мэдэгдэл гаргажээ.

Бас түүнтэй үндэс угсаа нэг Өмнөд Солонгосын тамирчид эмгэнэл илэрхийлсэн байна.

Денис Тэн бэртлийн улмаас энэ жилийн Пёнчаны Өвлийн Олимпийн тэмцээнээ эрт өндөрлүүлсэн юм.

 

Эх сурвалж: Reuters