Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/20-НД НИЙТЛЭГДСЭН

Египетээс олдсон нууцлаг хар чулуун авсыг археологичид нээжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Хар өнгийн чулуугаар бүтээгдсэн нууцлаг авсыг энэ сарын эхээр эрдэмтэд Египетийн Александриа хотын ойролцоо илрүүлсэн юм.

Тэгвэл энэхүү авсыг нээснээ Египетийн эртний түүх дурсгалын яам өчигдөр мэдээлжээ. 2,000 гаруй жилийн өмнө таглагдсан авс өнөөдрийг хүртэл хөндөгдөөгүй байсан гэж археологичид дүгнэсэн байна.

Авсан дотроос үмхийрсэн усан дунд буй гурван хүний араг яс гарчээ. Эхний дүгнэлтээр эдгээр хүмүүс нь цэргүүд байсныг тогтоосон байна. Тэдний нэг нь сумны шархтай байжээ.

 

Уг авс илэрснээс хойш янз бүрийн таамаг, онол яригдах болсон юм. Жишээ нь нууцлаг хар авс хараагдсан тул нээвэл ямар нэг гай гамшгийн эхлэл болно гэсэн яриа хүртэл гараад байв.

Бас уг авсанд Их Александрын шарил бий гэсэн онол яригдаж эхэлсэн юм. Македоны хаан Александр Нийтийн Тооллын Өмнөх 323 онд Бабилонд нас барсан. Түүний байгуулсан гүрэн улс Грекээс умард Энэтхэг хүртэл газар нутагт оршиж байжээ.

Александрыг нас барсны дараа хэрхэн оршуулсан тухай хэд хэдэн таамаг яригддаг. Зарим түүхчид түүнийг Египетэд өөрийнх нь нэрээр нэрлэсэн хотод оршуулсан гэдэг юм.

Гэхдээ энэ авснаас гарсан араг яснуудын дунд Александрын яс бий гэсэн шинж тэмдэг одоогоор алга байна. Араг яснуудыг Александриа хотын музейд шилжүүлж, цааш судлахаар болсныг Египетийн эрх баригчид мэдээлжээ. Хар чулуун авс газрын гадаргаас 5 метрийн гүнд байсан байна.

 

Эх сурвалж: Fox News