АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөрийн албаны хүмүүст ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путиныг энэ оны сүүлээр Вашингтонд албан ёсоор урих даалгавар өгснийг өчигдөр Цагаан ордноос зарлажээ.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтонд хоёр удирдагчийн хооронд ажлын яриа хэлэлцээр зохион байгуулах зорилгоор Путиныг урих даалгаврыг Трамп өгсөн гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс өчигдөр мэдээлсэн байна.
Трамп, Путин нар Хельсинк хотод уулзсаны дараа Вашингтонд маш их хэл амтай өдрүүд үргэлжилж байгаа үед ОХУ-ын ерөнхийлөгчийг урьж байгаа нь энэ юм.
Уулзалтын үеэр Трампыг Оросын талд бууж өгсөн гэж АНУ-ын хоёр намын улс төрчид ээлж дараалан шүүмжилж байгаа. Хэдий тийм боловч тэр Хельсинкийн уулзалтыг “маш амжилттай” болсон гэж мэдэгдээд байна.
“Оросын талтай хийсэн дээд хэмжээний уулзалтыг ард түмний дайсан болсон хуурамч хэвлэл мэдээллийнхнээс бусад нь маш их амжилттай болсон гэж дүгнэж байна. Би хоёр дахь уулзалтыг зохион байгуулж, терроризмыг зогсоох, Израйлийн аюулгүй байдал, цөмийн зэвсгийн хязгаарлалт, кибер халдлага, худалдаа, Украин, Ойрх Дорнод, Хойд Солонгосын гээд олон асуудлаар хэлэлцэх бодолтой байна. Эдгээрийн зарим нь хялбар, зарим нь хүнд асуудал. Гэхдээ бүгдийг шийдэх боломжтой” хэмээн тэр твиттер хуудсандаа өчигдөр бичжээ.
Тагнуулын байгууллага нь 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнд Оросын эрх баригчид нөлөөлөх гэж оролдсоныг анхааруулсаар байгаа ч Трамп Путиныг магтаж, АНУ-ОХУ-ын харилцааг сайжруулахын ач холбогдлыг онцолсоор байна.
Хельсинкид тэд хаалттай хаалганы цаана зөвхөн орчуулагчтай хоёр цаг гаруй уулзаж ярилцсан. Ардчилсан намынхан энэ үеэр юу яригдсан талаар Конгрессын сонсгол зохион байгуулахыг шаардаж байгаа юм.
Эх сурвалж: AFP