Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Тай хөвгүүд хамгийн хол гэртэйгээ түрүүлж агуйгаас гаргахаар тохиролцоод байжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Тайландын хойд нутгийн агуйд 16-18 хоногийг өнгөрүүлсний дараа аврагдсан хөвгүүд өчигдөр анх удаа хэвлэлийн хуралд оролцож, олны өмнө ил гарчээ.

Тэднийг агуйгаас шумбуулж гаргахдаа хамгийн бие султайгаас нь эхлэхээр аврагчдын нэг Австралийн эмч Ричард Харрис төлөвлөөд байсан гэнэ. Гэвч бүх хүүхдийн биеийн болон сэтгэл санааны байдал хэвийн, ялгаа бага байсан тул дасгалжуулагч 25 настай Экапол Чантавонг багийнхантайгаа зөвлөлдөөд хамгийн хол гэртэй нэгнээ түрүүлж гаргахаар шийдсэн байна.

Түрүүлж гарсан хүүхэд нь агуйн үүдэнд орхисон дугуйгаар харих замдаа бусдынхаа ар гэрийнхэнд хүүхдүүдийг сайн байгаа, их өлсөж буй тул хоол бэлдэж байхыг хэлэх даалгавар аваад байсан гэнэ.

 Тэд гадаад ертөнцөөс таслагдсан тул өөрсдийгөө дэлхий нийтийн анхаарлын төвд орсныг мэдээгүй, агуйгаас гармагцаа гэртээ хурдан харьж, дуртай хоолоо иднэ гэж төсөөлж байжээ.

Анх хөвгүүд агуй дотор нэг цаг болоод гарна гэсэн төлөвлөгөөтэй байсан гэнэ. Тэдний ихэнх нь уг агуйд өмнө орж байсан, сайн мэддэг байжээ.

Гэвч гэнэтийн ширүүн борооны улмаас агуй үерт автаж, хөвгүүд гарч чадалгүй үлдсэн юм.

Тэд агуйд тогтсон усаар ундаалж, дасгалжуулагч нь тэдэнд бясалгал хийхийг зааж, бас агуйн хананд гарц нээх зорилгоор 5 метр орчим нүх ухаад байсан гэнэ. Дасгалжуулагч Экапол өмнө нь орон нутгийн хийдэд лам байсан тул хүүхдүүдэд бие, сэтгэлээ тайван байлгах бясалгал зааж байсан нь хэрэг болсон ажээ.

Хэвлэлийн хуралд оролцсон эмч нар хүүхдүүдийг эрүүл саруул, хэвийн амьдралд шилжихэд бэлэн байгааг мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider