Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Америкийн TV шоуны хөтлөгч “Африк Дэлхийн Аварга боллоо!” гэж хэлээд буруудав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Америкийн алдартай TV шоу болох “The Daily Show”-ны хөтлөгч Тревор Ноа саяхан “Африк Дэлхийн Аварга боллоо!” хэмээн шууд нэвтрүүлгээрээ ярьсан нь Францын хөгжөөн дэмжигчид, албаныхны эсэргүүцэлтэй тулгарчээ.

20 жилийн дараа хөлбөмбөгийн ДАШТ-д хоёр дахь удаагаа түрүүлсэн Францын шигшээ багийн гишүүдийн ихэнх нь Африк тивээс гаралтай тоглогчид байсан юм. Тревор Ноа ч өөрөө Өмнөд Африкаас гаралтай хүн.

 “Африк Дэлхийн аварга боллоо! Тэд өөрсдийгөө Францын баг гэж хэлэхийг би мэдэж байна. Гэхдээ та нар хар л даа. Францын өмнөд нутагт та нар хэчнээн наранд шарагдлаа ч ингэж борлож чадахгүй шүү дээ” гэж тэр хэлжээ.

”Үнэндээ Францын шигшээ бол Африкчуудын нөөц баг юм. Сенегал, Нигери тэмцээнээс хасагдвал тэд үргэлжлүүлэх ёстой” гэж тэр нэмж хошигносон юм.

Ноаг ингэж ярихын урд өдөр нь АНУ-ын ерөнхийлөгч асан Барак Обама Нелсон Манделагийн дурсгалыг хүндэтгэх арга хэмжээн дээр үг хэлэхдээ арьс өнгөөр ялгаварлахгүйгээр хүмүүс нэг дор амьдарч болдгийн жишээгээр Францын шигшээ багийг нэрлэж байв.

“Надад тэд бүгдээрээ Гаул хүмүүс шиг харагдахгүй байна. Гэхдээ тэд бүгд Францчууд юм!” гэж Обама ярьжээ.

Францын шигшээ багийн 23 тоглогчийн 16 нь Африк гаралтай боловч тэдний гурав нь л Францад төрөөгүй хүмүүс байв. Самуэл Умтити, Стив Манданда нар хоёр настайдаа Камерун болон Ардчилсан Конгоос тус тус Францад шилжиж ирсэн бол Томас Лемарын гэр бүл Францын далайн чинад дахь нутаг гэгддэг Гуаделупаас нүүж ирсэн юм.

Тревор Ноагийн хошигнолыг арьс өнгөний үзэл гаргасан хэрэг гэж Францчууд сошиал сүлжээнд бичицгээж байна.

АНУ-д суух Францын элчин сайд Жерар Арно мөн Ноад хандаж захидал илгээжээ.

Үүний дараа Ноа өөрийгөө өмөөрч “Би тэднийг Африк гэж хэлэхдээ Франц биш гэсэн утгаар хэлээгүй. Харин өөртэйгөө адил Африк гаралтайг нь л хэлсэн юм” гэж твиттер хуудсандаа бичсэн байна.

АНУ дахь Францын элчин сайдын яам твиттер хуудсандаа Арногийн захидлыг хавсаргажээ.

Арно захидалдаа “Тамирчид өөрсдөө хэлж байгаачлан тэд бүгд Францад боловсрол олж, Францад хөлбөмбөг тоглож сурсан, Францын иргэд юм. Тэд бүгд Франц эх орноороо бахархдаг. Манай тоглогчдын олон янзын угсаа гарал нь Франц орныг олон үндэстний улс болохыг харуулж байгаа хэрэг” гэжээ.

Бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүд ч Францын багийн Африк давамгайллыг өргөнөөр мэдээлж байгаа. Гэвч тамирчид өөрсдийгөө Франц хүн гэж боддогоо янз бүрээр илэрхийлсээр байна.

Тухайлбал Манчестер Ситигийн хамгаалагч Бенжамин Мэнди дараах мэдээлэлд ямар хариу өгснөөс үүний жишээг харж болно.