Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл буурчээ

Б.Ану
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Жил бүр л мал, амьтны гоц халдварт өвчин тархаж энэ нь иргэдийг хөл хорионд оруулахаас гадна эдийн засаг, нийгэм, эрүүл мэндийн асар их хохирол дагуулдаг билээ. Ойрын өдрүүдэд гэхэд Архангай аймгийн Батцэнгэл, Өлзийт, Түвшрүүлэх, Хашаат, Өгийнуур, Хотонт, Цэнхэр гэсэн сумдад шүлхийнээс үүдэн хязгаарлалтын дэглэмтэй байгаа бол Өвөрхангай аймгийн Хархорин, Тарагт сумд хорио цээрийн дэглэм хэвээрээ үргэлжилж байгаа талаар бид мэдээлсэн. 

Мал амьтны гоц халдварт өвчин нь мал аж ахуй эрчимтэй эрхэлдэг орнуудад илүүтэй тохиолддог бөгөөд тэдгээр улс дотор хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад хор хохирол ихээр учруулдаг байна. 

Энэ нь Африк, Ази, Төв Америк, Өмнөд болон Зүүн Европын зарим улсад түгээмэл тархалттай, нэн хурцадмал эрсдэл болоод байна. Тодруулбал, дэлхийн амьтны эрүүл мэндийн байгууллагаас гаргасан судалгаанд дурдсанаар мал, амьтны халдварт өвчнөөс болж жилд дунджаар 100 сая орчим мал, амьтан устгалд орж, 2.2 сая хүн нас бардаг байна. 
 

Монгол улсын хувьд мал аж ахуй нь эдийн засгийн хувьд томоохон байр суурь эзэлдэг учир малын халдварт өвчин гарсан тохиолдолд учрах хор хохирлын хэмжээ өндөр байдаг. Тэгвэл бидний цувралаар нийтэлж байгаа Үндэсний эрсдэлийн суурь индекс энэхүү эрсдэлийг хэрхэн үнэлж байгаа мэдээллийг хүргэе.
 
График 1,  Мал амьтны гоц халдварт өвчний эрсдэл (Уг индекс нь 1-9 оноогоор үнэлэгдэх бөгөөд индексийн тоон утга их байх нь эрсдэлийн түвшин өндөр байгааг илэрхийлнэ)

Малын халдварт өвчний индекс 2014 онд сүүлийн 10 жилийн хугацаан дахь хамгийн өндөр утгаа авсан бол 2016 онд энэхүү үзүүлэлт 3.2 болж буурсан байна. Үүнд учирсан хохирлын хэмжээ болон хор уршгийг арилгахад оролцсон хүн, техник, зарцуулсан зардал зэрэг үзүүлэлтүүд огцом буурсан нь голлох нөлөөг үзүүлжээ.
 
График 2, Малын голлох гоц халдварт өвчний тохиолдлын тоо,  Эх сурвалж:Үндэсний статистикийн хороо

График 2 -с харахад Монгол Улсад боом, галзуу өвчин хамгийн их дэгддэг өвчлөл бөгөөд цаашид ч өсөн нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд сүүлийн жилүүдэд малын гоц халдварт шүлхий, мялзан, цэцэг, халдварт боом, галзуу зэрэг малаас хүнд халддаг зооноз өвчний гаралт буурахгүй байна. 

Иргэн таны мал, тэжээвэр амьтанд халдварт өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд сум, дүүрэг, баг хорооны мал эмнэлэгт яаралтай мэдэгдэх хэрэгтэй. 

Халдварт өвчин гарсан тохиолдолд:

  • Мэргэжлийн байгууллагуудын зөвшөөрөлгүйгээр малаа эрүүл сүрэгтэй бэлчээр, усаар нийлүүлэх, нутаг сэлгэх, ердийн хөсөг, тээврийн хэрэгслээр зорчихгүй байх, дур мэдэн эмчлэхгүй байх;
  • Мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүйгээр мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хүнсэнд хэрэглэх, малын тэжээл бэлтгэх, тээвэрлэхгүй байх;
  • Өвчтэй мал, амьтан байсан хашаа, байр, тоног хэрэгслийг халдваргүйжүүлсний дараа ахуйд хэрэглэх, /хашаа, байранд/ мал эмнэлэг, хяналтын ажилтны зөвшөөрөлгүйгээр гадны хүн оруулахгүй байх;

Өвчлөмтгий мал, тэжээвэр амьтдыг урьдчилан сэргийлэх үзлэг, вакцинжуулалтад бүрэн хамруулж, байнгын хариулга маллагаатай байлгахад анхаарч нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллагын үүрэг зөвлөмжийг чанд сахихыг зөвлөж байна.

Малчид ард иргэд мал, тэжээвэр амьтдаа мал эмнэлгийн албанаас хийгдэх үзлэг оношилгоо, сэргийлэх тарилга, вакцинжуулалтад бүрэн хамруулахаас гадна шаардагдах хашаа байр, хүн хүчээр хангах, мал амьтныг байнгын хариулгатай байлгаж, арчилгаа тэжээллэгийг сайжруулснаар мал, амьтны халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой юм.

График 3, Халдварт өвчнөөр хорогдсон малын тоо,  Эх сурвалж:Үндэсний статистикийн хороо

Халдварт өвчин дэгдсэн бүс нутагт хорио цээрийн дэглэм тогтоох, халдварласан мал амьтныг устгалд оруулах арга хэмжээг авдаг тул малын гарлтай түүхий эдийн нийлүүлэлт муудаж мах, сүү зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ өсөх байдлаар улс орон даяар эдийн засгийн сөрөг нөлөө үзүүлдэг.

Орон нутаг гэлтгүй нийслэлд мал, амьтны халдварт, гоц халдварт өвчин цөөнгүй гарсан. Нийслэл хот бол хүн амын тэн хагас нь амьдардаг, нийгэм эдийн засгийн гол бүс, олон улсын худалдаа, аялал жуулчлалын төв учраас мал амьтны халдварт өвчнөөс дээд зэргээр хамгаалах учиртай. Ингэснээр иргэдийн эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах, эдийн засгийн хохирлыг хязгаарлах чухал ач холбогдолтой.

Хэрэв танд энэхүү эрсдэлийг бууруулах талаар шинэ санал, санаачилга байвал info@mandal.mn цахим хаягаар холбогдоорой. Мандал Даатгал компанийн “Эрсдэлийн удирдлагын клуб”-ын хаалга та бүхэнд үргэлж нээлттэй байна.

 

Мэдээллийг хамтран бэлтгэсэн: Мандал Даатгал