Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Олон улсын математикийн олимпиадаас монгол хүүхдүүд шагнал хүртлээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Ganbold Baldandorj-н фэйсбүүк хуудсаас авав.

Хонконгт энэ сарын 14-19-нд зохион байгуулагдсан По Леунг Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиадад оролцсон монгол хүүхдүүд багийн төрөлд тусгай байрт шалгарч, цом, медалиар шагнуулжээ. 

Тус олимпиадад оролцсон манай улсын баг Орхон аймгийн IV дунд сургуулийн "5д" ангийн сурагч Эрдэнэбатын Энхжин, Сүхбаатар аймгийн I дунд сургуулийн "5б" ангийн сурагч Мөнхмандалын Билэгтөгөлдөр, Улаанбаатар хотын “Соёмбо” бага сургуулийн "4а" ангийн сурагч Чиндэгсүрэнгийн Чингүн, Энхбаярын Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэйгээр оюун ухаанаа сорин өрсөлдсөн байна.

Тэднээс Орхон аймгийн IV дунд сургуулийн "5д" ангийн сурагч Э.Энхжин хувийн төрөлд амжилттай оролцож, хүрэл медаль хүртжээ. Манай улс энэхүү олимпиадад 2012 оноос оролцож эхэлсэн бөгөөд Э.Энхжин нь Монгол Улсаас хувийн төрөлд медаль хүртсэн тав дахь хүүхэд болж байгаа юм байна. Харин багийн төрөлд манай сурагчид тусгай байрт шалгарчээ.

По Леунг Кукийн нэрэмжит бага ангийн олон улсын математикийн олимпиад нь олон улсын математикийн өндөр түвшний тэмцээнд тооцогддог бөгөөд сурагчид хувийн төрөлд 15, багийн төрөлд 10 бодлого бодож, оюун ухаанаа сорьдог ажээ. Хэрэв энэ даалгаврыг хангалтгүй биелүүлж, тааруу дүн үзүүлбэл тухайн улсын багийг дараагийн жилийн олимпиадад оролцуулдаггүй дүрэмтэй юм байна.

Энэ жилийн олимпиадад АНУ, Австрали, БНХАУ, Болгар, ӨАБНУ зэрэг таван тивийн 20 гаруй орны 36 багийн 144 хүүхэд оролцсон бол өмнөх жилд амжилт муутай оролцсон ОХУ, БНСУ зэрэг хүчтэй багийн хүүхдүүд оролцож чадаагүй ажээ.

Олон улсын математикийн олимпиадад оролцсон манай улсын багийг Монголын математикийн олимпиадын хорооны гишүүн, доктор Баасанжавын Батцэнгэл ахалсан бөгөөд “Орчлон” сургуулийн математикийн багш Балдандоржийн Ганболд багшаар ажиллажээ. Энэ удаагийн олимпиадад оролцсон манай хүүхдүүд бусад орныхтой харьцуулбал насаар бага байсан аж. Олимпиадын хаалтын ёслолын үеэр болсон урлагийн тэмцээнд манай математикч хүүхдүүд үндэсний бүжгээрээ шалгаран цом хүртэж, ганзага дүүрэн эх орондоо иржээ.