Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Орос бүсгүйчүүдийн талаас илүү хувь нь гадаадын иргэнтэй гэрлэх хүсэлтэй гэж хариулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий дараа Zoom маркетингийн агентлагийн явуулсан судалгаанд оролцсон 35 хүртэл насны Орос бүсгүйчүүдийн талаас илүү хувь нь гадаадын иргэнтэй гэрлэхэд бэлэн гэж хариулжээ.

Мөн тэдний 70 орчим хувь нь Оросоос явах нөхцөл уг харилцаанд нь шийдвэрлэх үүрэгтэй гэсэн байна.

Судалгаанд оролцсон нийт эмэгтэйчүүдийн 57 хувь нь яг одоо гадаадын иргэнтэй дотно харилцаа үүсгэхэд бэлэн гэсэн бол 18-23 насныхны 78 хувь нь ингэж хариулжээ.

Мөн 12 хувь нь гадаадын иргэдтэй нэгэнт харилцаатай болоод байгаагаа мэдэгдсэн бол тэдний 58 хувь нь уг харилцаагаа ДАШТ-ий үеэс эхэлсэн гэсэн байна.

Гадаадын иргэдтэй дотно харилцаатай болох хамгийн гол шалгуур нь гэрлэж, Оросоос явах хэмээн 67 хувь нь хариулсан бол 26 хувь нь гадаад эрчүүдийн биеэ авч явах байдал, нээлттэй сэтгэлгээнд татагддагаа хэлжээ.

Харин 7 хувь нь зүгээр л өөр сонин мэдрэмж авах гэж гадныхныг сонирхдог гэсэн байна.

Судалгаагаар Саранск, Сочи, Москвагийн бүсгүйчүүд ДАШТ-ий үеэр хамгийн их гадныхантай танилцсан бол энэ үзүүлэлт Казань, Санкт Петрбургийн эмэгтэйчүүдийн хувьд хамгийн бага байжээ.

ДАШТ-ий өмнө Оросын хэвлэл, улс төрчдийн амнаас гадаад эрчүүдтэй дотносохыг эсэргүүцсэн, шүүмжилсэн агуулгатай мэдээ, мэдээлэл нэлээд гарч байсан.

Тухайлбал Оросын томоохон сонин Московский Комсомолец тэргүүн нийтлэлдээ “Гадаад хэлээр ярихыг сонсох төдийд хөлөө дэлгэдэг биеэ үнэлэгчдийн нэг бүтэн үеийг бид төрүүлж өсгөжээ” хэмээн халаглан бичиж байв.

 

Эх сурвалж: Russia Today