Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/19-НД НИЙТЛЭГДСЭН

Японд өчигдөр 40 хэм хүрч халснаас 8 хүн амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Лхагва гарагт Японы төв бүсийн Гифу мужид агаарын хэм Цельсийн 40 хэмийг давсан нь дээд үзүүлэлт болж, орон даяар 8 хүн амь үрэгдэж, 2,400 хүн эмнэлэгт хүргэгджээ.

Хэт халалт өнөөдөр ч бас үргэлжлэх төлөвтэй байгааг тус улсын цаг уурын хүрээлэн мэдээлсэн байна. Өчигдөр Гифу мужийн Тажими хотод 40.7 хэм, Мино хотод 40.6 хэм хүрсэн байна.

Хамгийн сүүлд 2013 онд Кочи мужид Цельсийн 41 хэм хүрсэн нь тус улсын түүхэнд бүртгэгдсэн хамгийн өндөр халалт байжээ. Тэр цагаас хойш 40 хэмээс дээш халалт бүртгэгдээгүй гэнэ.

Урд өдөр нь буюу Мягмар гарагт нийтдээ 6 хүн хэт халууны улмаас амиа алдсан юм. Тэдний дотор Айчи мужийн бага сургуулийн 6 настай хүү байв. Ангиараа сургуулийн гадаа хоёр цаг хичээллэсний дараа хүү наранд цохиулжээ.

Өнгөрсөн хугацаанд халууны улмаас нийт 9,956 хүн эмнэлэгт хүргэгдсэний 190 нь гурван долоо хоногоос урт хугацаагаар хэвтэж эмчлүүлэх шаардлагатай болсон байна.

Эмнэлэгт хүргэгдэгсдийн 46.1 хувь нь 65 ба түүнээс дээш настнууд байгаа ажээ. Хэт халалтаас өмнө Японы баруун бүс нутагт их хэмжээний аадар бороо орж, үер болсноос одоогоор 16 мужид 4,700 орчим хүн орон гэргүй болоод байгаа юм. Тиймээс эмнэлэг, аврах албаныхан өндөр ачаалалтай ажиллаж байна.

 Япон даяар байрлуулсан агаарын хяналтын 927 станцын 190 нь өчигдөр Цельсийн 35-аас дээш хэмийг заасан байна. Мягмар гарагт Токио хотын аврах алба 2,900 дуудлага хүлээж авсан нь 1936 оноос хойш нэг өдрийн дотор хүлээж авсан хамгийн олон дуудлага болжээ.

 

Эх сурвалж: Kyodo News