Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Сошиал сүлжээний ботууд Африкийн сонгуулиудын үр дүнд нөлөөлөх болжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Африк тивийн улс орнуудын сонгуулийн санал хураалтад сошиал сүлжээнд үүсгэсэн автомат ажиллагаатай ботууд чухал үүрэг гүйцэтгэх болсныг саяхны судалгаа харуулжээ.

Сүүлийн жил орчим хугацаанд Африкийн орнуудад явагдсан сонгуулиудын үр дүнд ботууд хэрхэн нөлөөлснийг Портлэнд судалгааны компани “How Africa Tweets” тайландаа өгүүлсэн байна.

Бот нь цаанаа эзэн биегүй, тодорхой програмчилсан үйлдлийн дагуу, заримдаа хиймэл оюуны тусламжтай бодит хүн шиг ажилладаг програмууд юм.

Ийм ботууд Твиттер, Фэйсбүүк зэрэг сошиал сүлжээнд янз бүрийн мэдээлэл түгээх ажиллагаа явуулдаг. 2017 оны зургаадугаар сараас 2018 оны гуравдугаар сарын хооронд Африкийн 8 оронд явагдсан 9 сонгуулийн санал хураалтад үзүүлсэн ботуудын нөлөөг дараах байдлаар тодорхойлжээ.

Тухайлбал Кени улсын хоёр сонгуулийн ажиллагаанд ботуудын нөлөө хамгийн их байсан байна. Өнгөрсөн оны найм, аравдугаар саруудад Кенид ерөнхийлөгчийн сонгууль хоёр шаттай явагдсан юм.

Харин Руанда, Ангол, Либери зэрэг улсуудад ботуудаас илүү мэргэжлийн хэвлэл мэдээллийн сувгууд илүү нөлөө үзүүлсэн байна.

Кенийн сонгуулийн үеэр сошиал сүлжээнд урсаж байсан мэдээллүүдийн эх сурвалжийг тодруулахад ботууд хамгийн том байр суурь эзэлжээ.

Саяхан Твиттер компани олон сая ботыг өөрийн сүлжээнээс хасах арга хэмжээ авсан. Харин Африкт WhatsApp мессэнжэр, Facebook сүлжээ нь ботуудын амьдрах таатай орчин болдог байна.

Портлэндын Африк тивийг хариуцсан мэргэжилтэн Роберт Уоткинсон Твиттер компанийн арга хэмжээг сайшааж, бусад сүлжээнүүд ч ийм алхам хийх яаралтай шаардлага бий болоод байгааг ярьжээ.

 

Эх сурвалж: Quartz