Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын 180 сая иргэн ДАШТ-ийг гар утаснаасаа үзжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Хэдийгээр үндэсний шигшээ баг нь оролцоогүй ч ОХУ-д болж өнгөрсөн хөлбөмбөгийн ДАШТ-ийг Хятадын иргэд гар утаснаасаа олноор үзэж сонирхсныг статистик мэдээлэл харуулж байна.

Хятадын зах зээлд видео стриминг аргаар тэмцээнийг дамжуулах эрх авсан хоёр компани саяхан үр дүнгээ танилцуулжээ. Тус улсын зах зээлд гуравдугаарт бичигддэг видео үйлчилгээ болох Алибабагийн Youku өнгөрсөн сар орчим хугацаанд 180 сая гаруй хүн буюу Хятадын хүн амын долооны нэг орчим нь гар утаснаасаа тэдний дамжуулалтыг үзсэн тухай мэдээлсэн байна.

Франц, Хорватын багуудын хооронд болсон шигшээ тоглолтыг 24 сая хүн үзсэн нь ДАШТ-ий нээлтийн ОХУ-Саудын Арабын тоглолтыг үзсэн тооноос хоёр дахин өссөн дүн ажээ.

Гар утасны хамгийн том оператор China Mobile-ийн видео үйлчилгээ болох Migu өнгөрсөн сарын хугацаанд дамжуулалтыг нь нийтдээ 4.3 тэрбум удаа үзсэнийг мэдээлсэн байна. Зөвхөн шигшээ тоглолтыг нь 200 сая удаа үзжээ. Тэд хэрэглэгчийн тоог ил болголгүй, зөвхөн үзсэн тоог мэдээлсэн нь энэ юм.

Хятадын онлайн видео зах зээлийн хэмжээ 2017 онд нийтдээ 86 тэрбум юаний орлого олсон бол 2018 онд 113 тэрбум ($16.9 тэрбум), 2019 онд 146 тэрбум юаний орлого олохоор байгаа гэнэ.

Youku, Migu үйлчилгээнүүд гар утсаар дамжуулах эрхийг хэр хэмжээний мөнгө төлж авснаа мэдээлээгүй байна. Зарим эх сурвалж тэднийг тус бүр 1.6 тэрбум, 1 тэрбум юань төлж дамжуулах эрх авсан гэж мэдээлжээ.

2018 болон 2022 оны ДАШТ-үүдийг Хятадын зах зээлд үзүүлэх онцгой эрх зөвхөн CCTV төрийн өмчит сувагт байдаг. Үйлчилгээ үзүүлэгчид тус сувгаас бөөний үнээр дамжуулах эрх худалдаж авдаг юм.

Харин энэ жилийн ДАШТ-ийг Хятадын зах зээлд тэргүүлэгч Tencent Video, Baidu-гийн iQiyi үйлчилгээнүүд дамжуулаагүй юм байна.

 

Эх сурвалж: South China Morning Post