Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр 92 улсын 9.6 мянган гадаад иргэн ажиллаж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Үндэсний статистикийн хорооны гаргасан мэдээллээр өнгөрсөн сарын эцэс гэхэд хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад ажил хайж 37.5 мянган иргэн бүртгүүлжээ. Бүргүүлсэн иргэдийн 68.8 хувь нь ажилгүй иргэд байсан бол 31.2 хувь нь ажилтай боловч өөр ажил хайж байгаа иргэд байгаа аж.

Улсын хэмжээнд бүртгэлтэй ажилгүй иргэдийн 56.5 хувийг 15-34 насны залуучууд эзэлж байгаа бөгөөд Өмнөговь, Ховд, Говь Алтай, Говьсүмбэр, Архангай, Төв, Сэлэнгэ, Дорнод, Өвөрхангай, Баянхонгор, Хөвсгөл, Орхон, Увс, Сүхбаатар аймгуудад улсын дунджаас 0.4-22.1 пунктээр илүү байна.

Бүртгэлтэй ажилгүй иргэд өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар буурч, өмнөх сараас 7.5 хувиар өсөж, 25.8 мянга болжээ. Үүний 53.3 хувь нь эмэгтэйчүүд бөгөөд эдгээр иргэдийн 36.4 хувь нь Улаанбаатарт, 19.6 хувь нь Хангайн бүсэд, 17.2 хувь нь Баруун бүсэд, 16.9 хувь нь Төвийн бүсэд, 9.9 хувь нь Зүүн бүсэд ногдож байгаа юм.

Аймаг, нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн байгууллагад мөн оны эхний хагас жил гэхэд ажилгүй 43.5 мянган иргэн шинээр бүртгүүлж, бүртгэлтэй байсан 9.8 мянган иргэн ажилд зуучлагдан орж, 33.3 мянган иргэн ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагджээ. Мөн шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэд 9.6 хувиар, ажилд зуучлагдан орсон иргэд 25 хувиар өсөж, ажил идэвхтэй хайхгүй байгаа шалтгаанаар бүртгэлээс хасагдсан иргэд 10.5 хувиар буурсан байна.

Монгол Улсад хөдөлмөрийн гэрээгээр 9.6 мянган гадаад иргэн ажиллаж байна.

Манай улсад хөдөлмөрийн гэрээгээр 92 орны 9,600 гадаадын иргэн ажиллаж байгаа нь өмнөх оны мөн үеэс зургаан орноор өссөн ч ажиллагчид 10.3 хувиар буурчээ. Тэдгээр гадаадын иргэдийн 93.1 хувь нь эрэгтэй, үлдсэн 6.9 хувь нь эмэгтэй байна.

Мөн нийт ажиллагчдын 69.6% нь БНХАУ, 4.4% нь  Авсрали, 3.3% БНСУ, 3.1% нь ОХУ, 2.6% нь АНУ, 2.2% нь БНСВУ, 1.8% нь Филиппин, 1.7% нь Англи, 9.9% нь бусад улсын харьяат иргэд байна. Энэ үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал Австрали, Филиппин, Вьетнам, Англи, АНУ-аас Монголд ажиллах иргэдийн тоо өссөн бол ОХУ, БНХАУ, БНСУ, Канадын иргэд тус тус буурчээ.

Энэ оны эхний хагас жилд  хөдөлмөр эрхэлж буй гадаадын иргэдийн 2.6 мянга буюу 27 хувь нь олборлолтын, 2.1 мянга нь буюу 21.8 хувь нь барилгын, хоёр мянга нь буюу 21.6 хувь нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклын засвар үйлчилгээний, 0.8 мянга нь буюу найман хувь нь  боловсруулах үйлдвэрлэлийн, 0.7 мянга нь буюу 6.7 хувь боловсролын, үлдсэн 1.4 мянга нь буюу 14.9 хувь нь бусад салбарт ажиллаж байгаа юм байна.