Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Теслагийн хөрөнгө оруулагчид уучлал гуйхыг Илон Маскаас шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Тайландын агуйгаас хүүхдүүдийг аврах ажиллагаанд оролцсон Британий мэргэжилтэнтэй “хэрүүл, маргаан” үүсгэсэн Тесла компанийн гүйцэтгэх захирал Илон Маскыг уучлал гуйх ёстой гэж хөрөнгө оруулагчид нь үзэж байна.

Тэрээр аврах ажиллагаанд туслуулахаар илгээсэн шумбагч машиныг нь “ашиггүй, пиар” гэж хэлсэн Британий агуй судлаач Вернон Ансвортыг “хүүхэд сонирхдог гаж донтон” хэмээн тодорхой үндэслэлгүй доромжилсон юм.

Ням гарагт твиттер хуудсандаа бичсэн уг мэдэгдлээ Маск дараа нь устгасан бөгөөд энэ талаар тодруулга авах гэсэн хэвлэлийнхнээс зугтсаар байна.

Аврах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн Ансворт түүний бичсэн зүйлд ихэд бухимдаж, нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд хандах тухай хэвлэлд ярьсан юм.

Маск аврах ажиллагаа эхэлж байх үед шумбагч машинтайгаа Тайландад ирсэн боловч эрх баригчид түүний туслалцааг авахаас татгалзсан байна.

Харин өчигдрөөс эхлэн Тесла компанийн хөрөнгө оруулагчид уг маргааны талаар байр сууриа илэрхийлж эхэлжээ.

Теслагийн дөрөв дэх том хувь эзэмшигч Baillie Gifford компанийн үүсгэн байгуулагчдын нэг Жэймс Андерсон бизнесийн үйл ажиллагаанд дэмий маргаан саад болсонд харамсаж байгаагаа илэрхийлээд Маскаас зөвхөн “тогтвортой байдал, сайн үр дүн” хүсэж байгаагаа ярьсан байна.

Илон Маск сүүлийн саруудад хэвлэл мэдээллийнхэн, эрх баригчид, шүүмжлэгчидтэй хэд хэдэн удаа хэрүүл маргаан өрнүүлээд байгаа. Тесла компанийн дотоод үйл ажиллагааны аюулгүй байдал, бизнесийн үр дүн муу байгаа зэрэг нь маргааны гол сэдэв болж байв.

Хэрвээ Маск ааш араншингаа өөрчлөхгүй бол бизнесийн үр дүнд ноцтой хохирол учруулж болзошгүй бөгөөд хамгийн түрүүнд Британий мэргэжилтнээс уучлал гуйх хэрэгтэй байгааг Loup Ventures хөрөнгө оруулалтын компанийн шинжээчдийн ахлагч Ген Мюнстер ярьжээ.

Тус компани Илон Маскад хандаж бусад хөрөнгө оруулагчдын өмнөөс нээлттэй захидал илгээсэн бөгөөд түүндээ Ансвортыг доромжилсон явдал нь хэм хэмжээнээс хэтэрсэн үйлдэл тул уучлал гуйхыг шаардсан байна.

Захидалд “сүүлийн 6 сарын хугацаанд хөрөнгө оруулагчдын санааг зовоосон хэт олон эвгүй ааш гаргалаа” гэж Маскыг шүүмжилжээ.

Саяхан Илон Маскыг Теслагийн ТУЗ-ийн даргын суудлаас огцруулж, хараат бус гишүүдийн тоог нэмэх санал гаргаж байсан хөрөнгө оруулагч Жинь Зао түүний үйлдлийг “мэргэжлийн бус” гэж шүүмжлээд аврах ажиллагаанд шууд оролцохоор Тайланд руу явсан нь Маскын хийж ёстой ажил биш гэж мэдэгдсэн байна.

Зао хэлэхдээ Маскын сайн санааг буруутгах аргагүй ч аврах ажиллагаа бол мэргэжлийн хүмүүсийн хийдэг ажил, тиймээс мэргэжлийнхэнд найдахаас өөр аргагүй гэжээ. Маск зөвхөн урдах ажлаа хийх ёстой, хэрвээ сайн үйлс бүтээхийг сонирхож байвал тусдаа байгууллага бий болгох хэрэгтэй гэж тэр анхааруулсан байна.

Тэр бас Тесла компанид хараат бус ТУЗ-ийн гишүүд хэрэгтэй байгааг энэ явдал батлан харуулж байгааг хэлээд Илон Маскыг “хангалттай төлөвшөөгүй байна” гэж шүүмжилжээ.

Британий сэргээгдэх эрчим хүчний Solar Shed компани Маскыг уучлал гуйх хүртэл Теслагийн бүрээгдэхүүнийг ашиглахгүй байх тухайгаа мэдэгдэж, бусад компаниудад ч ингэхийг уриалсан тухай Даваа гарагт The Washington Post сонин мэдээлсэн юм.

 

Эх сурвалж: The Guardian