Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Төмс, хүнсний ногооны үнэ өнгөрсөн оны мөн үеэс 53.6% буюу хамгийн ИХЭЭР нэмэгджээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны эхний хагас жилийн байдлаар хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ улсын хэмжээнд өмнөх сараас 0.5, өмнөх оны эцсээс 5.0, өмнөх оны мөн үеэс 7.2 хувиар өссөн байна.  

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад үнэ ийнхүү 7.2 хувиар өсөхөд 

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 10.8 хувь 
  • Төмс, хүнсний ногооны дэд бүлгийн үнэ 53.6 хувь
  • Согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 5.7 хувь
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 11.6 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 8.2 хувь
  • Тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 4.9 хувь
  • Орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 14.9 хувь
  • Цахилгаан, хийн болон бусад түлшний дэд бүлгийн үнэ 22.7 хувь
  • Эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 10.7 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн байна. 

Энэ дундаас төмс, хүнсний ногооны үнэ 53.6 хувь буюу хамгийн ихээр нэмэгдэж, үнийн өсөлтөд голлон нөлөөсөн нь харагдаж байна.

Мах, махан бүтээгдэхүүний үнэ өнгөрсөн оны сүүлчээс 32.4 хувиар нэмэгдсэн байна

 
Гэрэл зургийг MPA.mn

Хэрэглээний бараа, үйлчилгээний 2018 оны зургаадугаар сарын үнэ өмнөх оны эцсээс 5.0 хувиар өсөхөд

  • Хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 13.1 хувь 
  • Мах, махан бүтээгдэхүүн 32.4 хувь
  • Сүү, сүүн бүтээгдэхүүн, өндөгний дэд бүлгийн үнэ 4.7 хувь
  • Согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 6.3 хувиар өссөн нь голлон нөлөөлжээ.  

Харин өнгөрсөн сараас 0.5 хувиар өсөхөд ундаа, усны бүлгийн хүнсний үнэ 1.1 хувиар өссөн нь голлон нөлөө үзүүлсэн болохыг Үндэсний статистикийн хорооны 2018 оны эхний зургаан сарын нийгэм, эдийн засгийн тоон үзүүлэлт харуулж байна.

Хэрэглээний үнийн индексийн сарын өөрчлөлт аймаг, нийслэлээр. 2018 оны зургаадугаар сар

 

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ орон нутагт хэрхэн өөрчлөгдөснийг дээрх зургаас харж болно. Тоймловол, Дорнод, Сэлэнгэ, Орхон, Сүхбаатар, Хөвсгөл аймгуудад өмнөх сараас 0.1-0.6 хувиар буурсан бол Архангай, Дундговь, Увс зэрэг аймагт өөрчлөлтгүй байна. Харин бусад аймагт 0.3-1.4 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Тэр дундаа Говь-Алтай аймагт хамгийн их буюу 1.4 хувийн өсөлттэй гарчээ. 

Нийслэлийн хувьд хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ энэ оны зургаадугаар сард өмнөх сартай харьцуулахад 0.7 хувь, өмнөх оны эцсийнхээс 5.5 хувь, өмнөх оны мөн үеэс 8.0 хувиар тус тус өссөн байна. Улаанбаатар хотод орон сууц, ус, цахилгаан, түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 21.7 хувь, ундаа, усны бүлгийн үнэ 14.7 хувиар тус тус нэмэгдсэн нь дээрх өсөлтийн гол шалтгаан болжээ

Улаанбаатар хотод 2018 оны  зургаадугаар сард өмнөх сараас хэрэглээний сагсны 344 нэрийн бараа, үйлчилгээний 37.5 хувь буюу 129 бараа, үйлчилгээний үнэ өсөж, 24.4 хувь буюу 84 бараа, үйлчилгээний үнэ буурч, 38.1 хувь буюу 131 бараа үйлчилгээний үнэ өөрчлөлтгүй байна. Судалгаанд сонгогдсон хүнсний 100 нэрийн барааны 55 нэрийн барааны үнэ нэмэгджээ.