Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хагас жилийн байдлаар халамжийн үйлчилгээ, хөнгөлөлтөд 362.9 мянган хүн хамрагджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын 2018 оны эхний хагас жилийн нийгэм, эдийн засгийн статистик мэдээллийг өнөөдөр Үндэсний статистикийн газраас мэдээллээ.

Нийгмийн даатгалын ерөнхий газар болон Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын мэдээллээр Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний хагас жилд 1.2 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 133.2 тэрбум төгрөгөөр буюу 13.1 хувиар нэмэгджээ.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого 23.7 тэрбум төгрөгөөр, Ажилгүйдлийн даатгалын сангийн орлого 2.3 тэрбум төгрөгөөр буурсан хэдий ч Тэтгэврийн даатгалын сангийн орлого 113.7 тэрбэм, Үйлдвэрлэлийн осол болон мэргэжлээс шалтгаалах өвчний даатгалын сангийн орлого 29 тэрбум төгрөгөөр тус тус нэмэгдсэн нь НД-ын сангийн орлого өсөхөд нөлөөлжээ.

Харин Нийгмийн даатгалын сангийн зарлага энэ оны эхний хагас жилд 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 132.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Зарлага ийнхүү нэмэгдэхэд Тэтгэврийн даатгалын сангийн зарлага 90.3 тэрбум, Эрүүл мэндийн даатгалын сангийн зарлага 26.6 тэрбум төгрөгөөр тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин Ажилгүйдлийн даатгалын сангийн зарлага 3.3 тэрбум төгрөгөөр буурсан байна. Мөн эхний хагас жилд 18 хүртэлх насны нийт 790 мянган хүүхдэд 94.8 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг олгожээ.

Нийгмийн халамжийн үйлчилгээ хөнгөлөлтөд эхний хагас жилийн байдлаар 362.9 мянган хүн хамрагджээ. Тэдэнд 56.6 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үеэс 4.4 тэрбум төгрөг буюу 8.4 хувиар өссөн дүн юм. Үүний 71.4 хувь нь нийгмийн халамжийн хөнгөлөлт, нөхцөлт мөнгөн тусламжид хамрагдсан иргэд, 23.3 хувь нь ахмад настан, 4.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 0.7 хувь нь алдар цолтой ахмад настай иргэд байсан бол үлдсэн 0.1 хувь нь нийгмийн халамжийн үйлчилгээнд хамрагдсан иргэд байсан аж.