Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Бархасбадь гарагийн 12 сарыг шинээр нэмж илрүүлжээ

Р.Түвшин, iKon.mn
2018 оны 7 сарын 18
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Карнегийн Шинжлэх Ухааны хүрээлэнгийн судлаачид манай нарны аймгийн хамгийн том гараг болох Бархасбадь нь 12 ширхэг илүү сартай болохыг илрүүлснээ өчигдөр зарлажээ.

Ингэснээр Бархасбадь гараг нийтдээ 79 сартай болж байгаа юм. Нарны аймагт түүн шиг олон дагуултай гараг байхгүй.

Эрдэмтэд Дэлхийн ван гарагийн цаана байгаа гэж таамаглаж байгаа “Planet X” гарагийг хайх явцдаа шинэ сарнуудыг олсон байна. Бархасбадийг тойрч байгаа биетүүдийг сар болохыг нь батлахын тулд жил орчим ажигласан гэнэ.

Тэдгээрээс 9 нь өмнө оршиж байсан том хэмжээтэй сарны хэлтэрхийнүүд юм гэж дүгнэжээ. Эдгээр 9 сар нь бүгд Бархасбадийн эргэлтийн эсрэг чиглэлд эргэдэг гэнэ. Өөр хоёр сар нь гарагийнхаа эргэлтийн чиглэлд эргэдэг ба тэд ч бас өмнө оршиж байсан том сарны үлдэгдлүүд ажээ.

Харин хамгийн сүүлийн сар нь дөнгөж 1 км өргөн, Бархасбадийн хамгийн жижиг дагуулд тооцогдож байна. Энэхүү бяцхан сар нь гарагаа бүтэн тойрохын тулд 1.5 жил зарцуудаг гэнэ. Түүний эргэлтийн зам бусад сарнуудын (эсрэг чиглэлтэй) замтай огтлолцож байгаа тул хэзээ нэгэн цагт мөргөлдөх өндөр магадлалтай ажээ.

Харьцангүй жижиг хэмжээтэй тул мөргөлдөөний үр дүнд бутарч алга болох юм байна. Уг нээлтээр нарны аймгийн гарагууд бүрэлдэж тогтсоноос хойш дагуулууд нь бий болсон гэх дүгнэлтийг баталжээ. Хэрвээ гарагтайгаа зэрэг үүссэн бол аварга том Бархасбадь тэднийг өөртөө залгих байсан гэнэ.

Мөн өнгөрсөн хугацаанд тэд хоорондоо мөргөлдөж, зарим нь устаж, зарим нь хуваагдан олширсоор ирсэн байна.

 

Эх сурвалж: Engadget