Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Үерийн дараах их халууны улмаас Японд 14 хүн амиа алдаж, 1,400 хүн эмнэлэгт хүргэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногт болсон их үерийн дараа агаарын хэм хэт халснаас амралтын гурван өдөрт 14 хүн амиа алдаж, 1,400 гаруй хүн эмнэлэгт хүргэгдсэнийг Японы хэвлэлүүд өнөөдөр мэдээлжээ. Даваа гараг нь Японд бүх нийтийн амралтын өдөр байв.

Тус улсын баруун бүсэд үүссэн үерийн гамшгийн улмаас 200 гаруй хүн амь үрэгдээд байсан юм.

Даваа гарагт Японы зарим арлуудын төв хэсэгт агаарын хэм Цельсийн 39 градус давж, агаарын өндөр чийгшилтэй хосолсон нь аюултай нөхцөл байдал бүрдүүлээд байгааг цаг уурын хүрээлэнгээс мэдээлжээ.

Далайн эргээс хол Гифү мужийн Ибигава хотод Цельсийн 39.3 градус хүрсэн нь өчигдөр Японы хамгийн халуун цэгт тооцогдсон байна.

Үерт нэрвэгдсэн баруун бүс нутгийн агаарын хэм 34.3 градус хүрч, тэнд гамшгийн дараа сэргээн босгох ажил хийж байгаа цэргүүд, сайн дурынхны нөхцөл байдлыг хүндрүүлсэн байна.

Японд агаарын хэм Цельсийн 35 градусаас дээш гарахыг “хэт халуун” гэж үздэг бөгөөд Ням гарагийн байдлаар тус улсын 200 орчим цэгт ийм хэмжээнд хүрч халжээ.

Долдугаар сард ийм халалт ховор тохиолддог болохыг цаг уурын хүрээлэн онцолсон байна. Өмнө нь хамгийн сүүүлд 2014 онд 213 цэгт хэт халалт бүртгэгдэж байжээ.

Халуун агаарын урсгал энэ долоо хоногийн турш Японы арлуудыг дайрах төлөвтэй байна.

 

Эх сурвалж: Kyodo News