Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хамгийн чинээлэг өрхүүдийн сарын дундаж мөнгөн орлого ядуу хэсгээс 7.2 дахин их байна

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Манай улсын нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого 2017 онд 936.2 мянган төгрөг болсон нь өмнөх оноос 72.9 мянган төгрөг буюу 8.4 хувиар өссөн дүн юм. Харин орлогын тэгш бус байдал багагүй гарсныг Үндэсний статистикийн хорооны 11232 өрхийн мэдээлэлд тулгуурлан гаргасан ӨРХИЙН НИЙГЭМ, ЭДИЙН ЗАСГИЙН СУДАЛГААНЫ 2017 ТАНИЛЦУУЛГА-д харуулсан байна. 

Өрхийн сарын мөнгөн орлогыг орлогын тэнцүү таван бүлэгт хуваахад ямар дүн гарч байгааг дараах зургаас харж болно. 
Зураг 1. 

 
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлого, төгрөгөөр, өрхийн тооны тэнцүү 5 бүлгээр, 2017 он

Эндээс харахад хамгийн ядуу хэсгийн мөнгөн орлого улсын дунджаас 3.3 дахин бага, хамгийн чинээлэг хэсгийн мөнгөн орлого 2.2 дахин өндөр байна. Хамгийн чинээлэг хэсгийн сарын дундаж мөнгөн орлого ядуу хэсгээс 7.2 дахин их байна. Ядуу хэмээн судалгаанд бичсэн бүлэгт сарын орлого нь 300,000 төгрөг хүрэхгүй байгаа өрхийг хамааруулсан байгааг сануулъя.

Судалгаанаас харахад орлого өндөртэй бүлгийн цалингийн орлогын эзлэх хувь өндөр байгааг дараах зургаас мөн харж болно. 

Зураг 2.

 
Нэг өрхийн сарын дундаж мөнгөн орлогын төрөл, төгрөгөөр, өрхийн тооны тэнцүү 5 бүлгээр, 2017 он

Энэ нь ядуу өрхийн гишүүдийн ажил эрхлэх боломж бусад бүлгээс бага байж болохыг илтгэх аж. Өөрөөр хэлбэл, улсын дунджаар хамгийн чинээлэг бүлэг хамгийн ядуу бүлгийнхнээс 14.1 дахин өндөр цалинтай байна

Хамгийн ядуу хэсгийн мөнгөн орлогын дийлэнх буюу 49 хувийг тэтгэвэр, тэтгэмжийн орлого бүрдүүлж байгаа бол хамгийн чинээлэг хэсгийн хувьд тэдний сарын дундаж мөнгөн орлогын 9.8 хувийг л тэтгэвэр, тэтгэмжийн орлого эзэлж байна. Эндээс ядуу өрх тэтгэвэр, тэтгэмжээрээ л амьдралаа залгуулдаг болох нь харагдаж байна. 

Хамгийн ядуу өрх орлогын 45.6 хувийг хүнсэндээ зарцуулдаг

Өрхийн орлого нийгэмд ийнхүү харилцан адилгүй байгааг дагаад зардал ч мөн тэгш бус байна. Тодруулбал, өрхийн хэрэглээний зардлыг өрхийн тооны тэнцүү 10 бүлгээр харвал, хамгийн ядуу хэсгийн хэрэглээний зардал нь хамгийн чинээлэг хэсгийнхээс 2017 онд 6.3 дахин бага байна. 

Хамгийн ядуу өрхийн хэрэглээний зардлын 45.6 хувь буюу бараг талыг нь хүнсний зардал эзэлж байхад хамгийн чинээлэг хэсгийн хэрэглээний зардлын 73.6 хувийг эсрэгээрээ хүнсний бус зүйлийн зардал эзэлж байна. 

Зардлын бүтцээс харахад өрхүүд чинээлэг болох тусам хүнсний бус зүйлд зарцуулах мөнгө нь ихэсч байгаа дүр зураг ажиглагджээ.  

Хамгийн ядуу бүлгийн өрхийн хүнсний зардлын 42.9 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 26.8 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн, 11.3 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүний зардал эзэлж байна. Чинээлэг өрхийн хувьд хүнсний зардлын 28.2 хувийг мах, махан бүтээгдэхүүн, 16.1 хувийг гурил, гурилан бүтээгдэхүүн, 13.0 хувийг сүү, сүүн бүтээгдэхүүний зардал эзэлсний дээр зоогийн газар, гадуур хооллосон зардал нийт хүнсний хэрэглээний зардлынх нь 18  хувийг эзэлжээ. Харин энэ үзүүлэлт ядуу өрхийн хувьд 2.2 хувьтай байна.