Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ө.Шижир: FIFA Монголд шууд нэг сая ам.доллар олгоно гэдэг ташаа мэдээлэл

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-д зохион байгуулагдаж дуусав.  ДАШТ-тэй жилд Олон улсын хөлбөмбөгийн холбоо буюу FIFA-аас гишүүн орнууддаа нэг сая ам.доллар хуваарилдаг бөгөөд Монголын Хөлбөмбөгийн холбоо энэ жил нэг сая ам.доллар хүртэх тухай яриа гарсан нь олны анхаарлыг татаад байна. Бид МХБХ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижиртэй холбогдож, энэ сэдвээр тодрууллаа. 

- FIFA-аас МХБХ-нд нэг сая ам.доллар өгөх тухай ярьсан. Үнэхээр Дэлхийн хөлбөмбөгийн холбооноос манайд ийм мөнгө хуваарилдаг уу?

- Одоогоор тийм зүйл болоогүй байна. Ер нь өнгөрсөн 2014 оны хөлбөмбөгийн ДАШТ-ний дараа FIFA тодорхой хэмжээний орлогоо гишүүн орнууддаа хуваарилсан. Энэ үеэр манай улсын ХБХ-нд 500 мянган ам.доллар тухайн үед олгосон​ байдаг. Гэхдээ мөнгийг дараагийн санхүүгийн жилд буюу 2015 онд нь өгсөн. Тиймээс энэ жил FIFA шууд нэг сая ам.доллар олгоно гэдэг бол ташаа мэдээлэл байна. Бас тоо нь тодорхой болоогүй байх шиг байна. 

- Ер нь FIFA-аас МХБХ-нд жил бүр 500 мянган ам.долларын санхүүжилт олгодог юм билээ. Хэрэв ашгаасаа хуваарилбал энэ мөнгөн дээр нэмж олгоно гэж ойлгож болох уу?

- Хэрэв хуваарилбал тэгнэ. Үүнийг FIFA холбогдох хурлаараа хэлэлцэж, шийдвэрлээд ирэх санхүүгийн жилийн төлөвлөгөөндөө тусгаж байж олгоно шүү дээ. Олгох мөнгөн дүн ч одоогоор тодорхойгүй гэсэн үг.

Ер нь манай холбооны санхүүтэй холбоотой энэ мэт буруу мэдээлэл санаатай бөгөөд санаандгүй гарах тохиолдол цөөнгүй байна. Тийм ч учраас МХБХ 2017 оны зургаадугаар сараас өнөөдрийг хүртэл дөрвөн ч удаа аудит хийлгэсэн. 2017 оны зургаадугаар сард бид өөрсдийн хүсэлтээр FIFA, Азийн хөлбөмбөгийн холбоо(AFC)-нд хандаж аудит хийлгэсэн. 2018 онд FIFA, AFC-ийн дотоод аудит бас орсон байгаа. Санхүүгийн элдэв зөрчилгүй  гарсан. 

Бид батлагдсан дүрмийнхээ дагуу жил бүрийг их хурлаараа орлого зарлагаа гишүүддээ ил тайлагнаад явдаг. Манай дүрмээр их хурал болохоос нэг сарын өмнө хэлэлцэх асуудлаа санхүүгийн болон аудитын тайлангийн хамтаар цаасаар болон цахимаар илгээдэг.  Ер нь их хурал зарлах болон бүх мэдээллийг манай холбооны цахим хуудсаас харах боломжтой. Санхүүгийн тайланг ч мөн харах боломж нээлттэй. Сүүлийн хоёр жилийн санхүүгийн тайлан холбооны вэб сайтад байршсан байгаа. Бид олон улсын стандартын дагуу санхүү, үйл ажиллагааны тайлангаа гаргаад FIFА, AFC-д илгээдэг. Хэрэв бид үнэхээр санхүүгийн зөрчилтэй бол олон улсын байгууллагууд зөрчилтэй холбооддоо арга хэмжээ авна шүү  дээ. Бас олон нийтээс нуугаад дээр дурдсан шиг нэг сая ам.доллар өгч авалцаад байна ч гэж юу байх вэ. Бүх юм санхүүгийн дүрмийнхээ дагуу орлого, зарлага болоод аль аль талдаа бүртгэгдээд явдаг. 

- ДАШТ болсонтой холбоотой хүүхдүүдийн хөлбөмбөг тоглох сонирхол маш их нэмэгдсэн. Харамсалтай нь шаардлага хангасан талбайгүйгээс хүүхэд амиа алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Танай холбооны зүгээс шинээр хөлбөмбөгийн талбай байгуулах тал дээр ямар төлөвлөгөөтэй ажиллаж байна вэ?

- Өнгөрсөн сард AFC-ийн ерөнхийлөгч Шейх Салман Бин Ибрахим Аль Халифаг Монголд айлчилсан. Яг түүний айлчлалаас долоо хоногийн өмнө тийм харамсалтай явдал болсон. Айлчлалын үеэр энэ талаар бид AFC ерөнхийлөгчид ярихад тэрбээр БЗД-ийн 79 дүгээр сургуульд олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай байгуулж өгөхөө хэлсэн. Бид төслөө бичиж байгаа. Есдүгээр сард болох хорооны хурлаар танилцуулагдах байх. Нэг онцлог нь бид төслөө бичээд, танилцуулаад, батлуулж чадвал тухайн төсөл эхэлдэг. Харин гүйцэтгэгчийг санхүүжүүлэгч байгууллага буюу холбоо өөрсдөө сонгоод, гүйцэтгэсний дараа бидэнд хүлээлгэж өгч байгаа. Түлхүүр хүлээлгэж өгөх нөхцөлөөр гэх юм уу, ойлгомжтой хэлбэл. 

- Ер нь танай холбооны зүгээс хөлбөмбөгийн хэчнээн талбай байгуулсан бэ. Өртөг нь ямар байдаг вэ?

- 2016-2018 онд Орхон, Дархан-Уул, Төв аймаг болон Ховд аймагт 20х40 метрийн харьцаатай,  гэрэлтүүлэгтэй иж бүрэн нийт зургаан талбай байгуулсан. Тус бүр 100,000 ам.долларын өртөгтэй. Одоо Яармаг болон Төв аймагт 115х75 метр харьцаатай том талбайг бариулж байна. Тус бүрийнх нь өртөг 750 мянган ам.доллараар батлагдсан. Төв аймагт барьж буй нь Үндэсний шигшээ багийн бэлтгэлийн бааз. Бид ганцхан талбай биш, жил бүр нэмж барьж баяжуулахаар төлөвлөсөн байгаа. Төлөвлөгөөний дагуу эхний ажил нь талбай гэсэн үг. Санхүүжилт олгож буй талыг гүйцэтгэгчээ сонгож шалгаруулахыг бид хүcдэг. Энэ нь ч бидэнд амар байдаг. 

- Цаашид нэмж талбай байгуулах төлөвлөгөө байна уу?

- Клубүүдийн хувьд талбай хангалтгүй байдаг учраас бид аль болох Улаанбаатар хотод талбай нэмж байгуулах хүсэлтэй. Гэвч газрын асуудал хүндрэлтэй байдаг. Нэг га газрын үнэлгээ Улаанбаатарт хэд билээ. Бид жижиг талбайгаа орон нутагт, том талбайгаа нийслэлд байгуулах төлөвлөгөөтэй байна. Цаашид жилд гурван жижиг, нэг том талбай байгуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.