Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 46 хүн гол усны үерт амь насаа алдаад байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сүүлийн өдрүүдэд бороо хур орж голын усны түвшин нэмэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт буюу Үндэсний их баяр наадмын өдрүүдэд 12 хүн усанд осолдож амиа алдсан талаар бид мэдээлсэн.  Энэ нь амиа алдсан хүний тоо өнгөрсөн оноос хоёр дахин нэмэгдсэн тоо юм. 

Иймд гол усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангаж анхааралтай байхыг Цагдаагийн Ерөнхий Газраас анхааруулсаар байна.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэлийн төлөөлөгч, мэргэжилтэн М.Мөнхшүрээс тодрууллаа.

Тэрбээр "Он гарснаас хойш улсын хэмжээнд нийт 46 хүн гол усны үерт амь насаа алдсан тоон мэдээлэл бүртгэгдсэний ес нь насанд хүрээгүй, тэр дундаа 2-9 насны хүүхдүүд байсан. Энэ нь эцэг, эхчүүдийн анхаарал болгоомжгүй байдалтай шууд холбоотой. Гол устай холбоотой бага насны хүүхэд живж амь насаа алдсан тохиолдолд эцэг, эхчүүдэд нь хариуцлага тооцно гэсэн хуулийн заалт байхгүй боловч бага насны хүүхдийг асран хамгаалах, өсгөх хүмүүжүүлэхээс зайлсхийсэн бол хуулийн арга хэмжээнүүдийг авахаар тусгасан байдаг. Эцэг, эхчүүд асран хамгаалах хугацаандаа аюулгүй байдал, орчинг нь бүрдүүлэх ёстой. Гэвч тэгж чадахгүй байна. Бага насны хүүхдийг голын ойр орчимд байлгаж байгаа бол хараа хяналтаа хэзээ ч салгаж болохгүй байхад өөрсдөө архи согтууруулах ундаа хэрэглэж, анхаарал нь суларснаас болж хүүхэд амь насаа алдсан тохиолдол гарч байна.

Усанд осолдож нас барж байгаагийн нийтлэг гурван шалтгаан нь эцэг, эхчүүд бага насны хүүхдээ хараа хяналтгүй орхих, архи согтууруулах ундааг хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй болох , эсвэл иргэд цагдаагийн байгууллагаас явуулж буй сэрэмжлүүлэг болоод заавар зөвлөмжийг мэдсээр байж өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлаас болж үерлэсэн, гүнзгий гол руу орж амь насаа алдах явдал юм. 

Мөн зарим иргэн хүн усанд живж байгааг харсан байж цагдаагийн байгуулагад дуудлага мэдээлэл өгөөгүй байдаг. Хүн живж эхлэхэд илт, олон удаа дээш доош болоод байдаггүй. Нэгэнт ус залгисан бол шууд л живдэг учир тухайн хүнийг үнэхээр живээд байгаа эсвэл тоглоом хийгээд байгааг нь ойлгохгүй байсаар хүний амь нас хохирох тохиолдол гардаг гэдгийг анхаарах хэрэгтэй.  Иймд иргэд маань амралт чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ Цагдаагийн байгууллагаас гаргасан сэрэмжлүүлгийг анхаарч байх хэрэгтэй гэдгийг анхааруулж байна" гэв.