Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Баяр наадмын өдрүүдэд 9 том хүн, 3 хүүхэд гол усанд осолдож, амиа алджээ

Г.Өлзийхутаг, iKon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Үндэсний их баяр наадам тохиож бид тав хоног дараалан амарсан билээ.

Баярын өдөр гарсан гэмт хэрэг, зөрчлүүд өмнөх онтой харьцуулахад цөөн бүртгэгдэж, харьцангуй тайван байжээ.

Энэ талаар Нийслэлийн цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн цагдаагийн дэд хурандаа Б.Алтанзул "Энэ жилийн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа дотоодын цэргийн нийт албан хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллалаа.

Бид халаасны болон орон байрны хулгайн хэргээс урьдчилан сэргийлэх, хийн газны зөв зохистой хэрэглээний талаар 6,000 ширхэг тусгай гарын авлагыг боловсруулж, төөрсөн хүүхдийг хүлээж авах, жуулчдыг гэмт хэрэгт холбогдох, өртөхөөс урьдчилан сэргийлэх, цагдаагийн байгууллагад хэрхэн хандах талаар Англи, Монгол хэл дээр 500 гаруй зөвлөмж зэргийг бэлтгэн байршуулж, бага насны хүүхэд төөрөхөд сэргийлж утасны дугаар бичих зориулалт бүхий цаасан бугуйвчийг нийт 1,800 ширхэгийг тараалаа.

Мөн иргэдийг усанд осолдохоос урьдчилан сэргийлж Баянзүрх дүүргийн Хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэл завьт эргүүлийг ажиллуулсан. Энэ үеэр 1,541 иргэнд үер усны ослоос урьдчилан сэргийлэхийг сануулж,128 иргэн, 85 автомашиныг шалгасан.

Түүнчлэн гэмт хэрэг зөрчлийг илрүүлэх зорилгоор Хүй долоон худагт зургаа, Төв цэнгэлдэх хүрээлэнд 60 хяналтын  камер байрлуулснаар хоёр гэмт хэргийг халуун мөрөөр нь илрүүлж, халаасны хулгайн гэмт хэрэг үйлдэж болзошгүй 56 этгээдийг саатуулан, үйл хөдөлгөөнд нь хяналт тавьж, Төв цэнгэлдэх хүрээлэнд 41, Сүхбаатарын талбайд гурав, нийт 44 хүүхэд төөрснийг бүртгэж эцэг, эх, асран хамгаалагчдад нь цагдаагийн байгууллага хүлээлгэн өгсөн.

Баярын өдрүүдэд нийт гэмт хэргийн дуудлага өмнөх онтой үетэй харьцуулахад 17.7 хувь, зөрчлийн дуудлага 26.1 хувь, согтуугийн дуудлага 31.2 хувь, хулгайлах гэмт хэрэг 20.1 хувь, хүний эрүүл мэндэд хохирол учлруулсан хэрэг 26.3 хувь, бусад гэмт хэрэг 33.3 хувь, зам тээврийн осол 37.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна.

Өөрөөр хэлбэл урьд оны мөн үетэй харьцуулахад энэ жил эрүүгийн болон гэмт хэргийн нөхцөл харьцангуй тайван байж, иргэд маань хууль тогтоомж, цагдаагийн байгууллагаас тавьсан шаардалагыг биелүүлэн баярын өдрүүдийг өнгөрүүлсэн гэдэг нь энэ дүн мэдээгээр харагдаж байна.

Харин сүүлийн өдрүүдэд бороо хур орж голын усны түвшин нэмэгдэж байна. Өнгөрсөн жил баяр наадмын өдрүүдэд гол усанд осолдож таван хүн амь насаа алдсан бол энэ жил нийт 12 хүн гол усанд амь насаа алдсан. Үүнээс гурав нь бага насны хүүхэд байсан. Тиймд нийт ард иргэдийгээ гол усны аюулаас сэрэмжилж, аюулгүй байдлаа хангахыг анхааруулъя" гэв.

Мөн Баярын өдрүүдэд нийслэлийн хэмжээнд нийт согтуугаар зөрчил гаргасан нийт 665 иргэнийг эрүүлжүүлэн саатуулах төвд албадан саатуулж, иргэний эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлсэн нь ердийн Баасан гарагуудтай харьцуулахад бага тоо аж.