Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн маргааны дараа Британи аврагч Илон Маскыг шүүхдэх бодолтойгоо ярьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Үерт автсан Тайландын агуйн гүнээс 12 хүүхдийг аврах ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэсэн Британий агуй судлаач Вернон Ансворт тэрбумтан Илон Маскыг шүүхэд өгөх бодолтойгоо өнөөдөр ярьжээ.

Ням гарагт Тесла компанийн үүсгэн байгуулагч Маск ямар нэг тодорхой баримт, тайлбаргүйгээр Британи судлаач руу твиттер сүлжээгээр дайрч давшилж байсан юм.

Ансворт өмнө нь хэвлэлд ярихдаа Илон Маскын санал болгосон шумбагч машин нь агуйн нөхцөлд ажиллах боломжгүй тул аврах ажиллагааг зүгээр л Пиар болгон ашиглаж байна гэж Америк тэрбумтныг шүүмжилж байв. Харин үүнд нь эгдүүцсэн Маск твиттер хуудсандаа түүний шүүмжлэлийг няцааж, Британи эрийг “pedo guy” (pedophile- хүүхэд сонирхдог гаж донтон) гэж нэрлэсэн юм.

Дараа нь Маск бичсэн зүйлээ устгаж, тайлбар хүссэн хэвлэлийнхнээс бултсан байна.

Даваа гарагт буюу өнөөдөр Ансворт AFP агентлагт ярихдаа твиттер сүлжээнд Маск юу гэж бичсэнийг бүрэн хараагүй гээд хэрвээ шаардлагатай бол түүнийг шүүхэд өгнө гэжээ.

 
Вернон Ансворт

Тэр энэ долоо хоногт Британи руу буцах гэж байгаа ба тэнд очсон хойноо уг асуудлыг нягтлан шалгана гэсэн юм. Ансворт “Тэр бол зүгээр л пиар хийдэг наймаачин хүн шүү дээ” гэж Маскыг тодорхойлжээ.

Агуйд 18 хоног хашигдсан хөвгүүдийг аврахад Ансвортын гаргасан хонгилын зураглал чухал үүрэг гүйцэтгэсэн юм байна. Жилийн тодорхой хугацаанд Тайландад амьдарч алдартай том агуйнуудын бүтцийг судалдаг түүний тусыг бусад аврагч нар ч өндрөөр үнэлжээ.

Тухайлбал Данийн шумбалтын мэргэжилтэн Клаус Расмуссен твиттер сүлжээнд Маскын бичсэнийг үгүйсгэж, Вернон Ансвортын гавьяаг магтжээ.

“Тэр бол агуйн дотоод бүтцийг зураглаж өгсөн гол хүн. Шумбагч бидний ажлыг үр дүнтэй болоход түүний зураглал чухал үүрэг гүйцэтгэсэн юм” гэж Расмуссен ярьсан байна.

 

Эх сурвалж: AFP