Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн баячууд Их Британий визийг сонирхох нь эрс нэмэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Их Британий эдийн засагт 2 сая фунт стерлингийн ($2.65 сая) хөрөнгө оруулалт хийсэн ямар ч улсын иргэн 40 сарын хугацаанд тус улсад ажиллаж, амьдрах эрхтэй “алтан виз”-ний эзэн болдог. Улмаар дахин ийм хугацаагаар визээ сунгуулдаг юм.

Тэгвэл энэ оны гуравдугаар сарын 31-нээр дууссан нэг жилийн хугацаанд хөрөнгө оруулалтын виз хүсэгчдийн тоо өмнөх 12 сарын хугацааныхаас 46 хувиар нэмэгдэж, 400 гаруй чинээлэг хүн Британий цагаачлалын албанд хандсаныг саяхан Лондоны Collyer Bristow хуулийн фирм мэдээлжээ.

Тэдний ихэнх нь Хятадын иргэд байсан байна. Тодруулбал өмнөх 12 сарын хугацаанд 278 хүн нэгдүгээр зэрэглэлийн хөрөнгө оруулалтын виз авч байсан бол сүүлийн нэг жилийн хугацаанд 405 болж нэмэгджээ.

Үүн дотор Оросын иргэдийн тоо 52 болж, 46 хувиар өссөн бол Хятадын иргэдийн тоо 123 болж, 26 хувиар нэмэгдсэн байна.

Өсөлтийн хувиар тэргүүлсэн нь 85 хувиар өсөж, тоо нь 24-д хүрсэн Туркийн хөрөнгө оруулагчид байжээ.

Оруулсан хөрөнгөө өсгөх олон улсын санхүүгийн дэд бүтэц сайн хөгжсөн, хүүхдээ сургах боловсролын систем сайтай зэрэг нь гадны баячуудыг татах Их Британий гол давуу тал болдог гэнэ.

Виз хүсэгчдийн тоо огцом нэмэгдсэн нь 2019 оны гуравдугаар сард эхлэх Brexit-ийн дараа визний журам чангарч болзошгүй гэсэн айдастай холбоотой гэж судлаачид дүгнэж байна. Мөн сүүлийн үед Лондоны эрх баригчид хөрөнгө оруулалтын визээр орж ирж буй мөнгө, хөрөнгийн гарал үүслийг нягтлан шалгах болсон юм.

Тухайлбал Оросын тэрбумтан Роман Абрамовичийн визээ сунгуулах үйл явц ийм шалтгаанаар саатаж байгаа тухай тавдугаар сард мэдээлж байв. Тэр сүүлд Израйлийн иргэн болсноор Британий виз сунгуулах хүсэлтээ цуцалсан гэх мэдээлэл тараад байгаа юм.

 

Эх сурвалж: The Guardian