Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Энэтхэгт Google-ийн инженер хүүхэд хулгайлагч гэж сэжиглэгдэн зодуулж амиа алджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн Баасан гарагт Энэтхэгийн нэгэн тосгонд “хүүхэд хулгайлагчид” хэмээн сэжиглэгдсэн дөрвөн хүн иргэдийн довтолгоонд өртөж нэг нь амиа алдсан байна.

Амиа алдсан Мохаммад Азам нь Google компанийн програмист байжээ. Үлдсэн гурван хүн нь хүнд бэртэж гэмтсэн бөгөөд тэдний дотор Катар улсын иргэн байсан байна.

Энэтхэгт сүүлийн үед WhatsApp мессэнжэрээр хүүхэд хулгайлагчид гадуур яваа тухай цуурхал тарсны улмаас олон гэм зэмгүй иргэд бусдын гарт алагдаад байгаа.

Хохирогчид өнгөрсөн Баасан гарагт Хайдерабад хот руу явах замдаа Балкут Танда суурингийн орчим дэлгүүрийн гадна түр зогсжээ. Тэд дэлгүүрийн орчим тоглож байсан хүүхдүүдэд шоколад өгсөн байна. Гэтэл цуурхалд итгэсэн 200 гаруй оршин суугч тэдэн рүү гэнэт довтолжээ. Хохирогчид эхэндээ машинд суун зугтсан ч араас нь мотоциклтай эрчүүд хөөж шахснаар замын хажуу руу онхолдсон байна. Улмаар тосгоны иргэд тэднийг машинаас чирэн гаргаад гарт тааралдсан зүйлсээрээ зодож эхэлжээ.

Тэднийг аврахаар ирсэн цагдаа нар хилэгнэсэн иргэдийг зогсоож дийлэхгүй байсны улмаас цагдаагийн гурван офицер бэртсэн байна. Довтолгооны дараа Азам эмнэлэгт хүргэгдэх замдаа амьсгал хураасан бол бусад нь Хайдерабадын эмнэлэгт сэхээнд хэвтэж байгаа гэнэ.

Линчийн шүүхийн ажиллагааг толгойлсон 28 хүнийг цагдаа нар баривчилжээ. Өнгөрсөн оноос эхэлсэн WhatsApp-ын цуурхлын улмаас Энэтхэг даяар олон хүний амь ийм замаар үрэгдээд байна. Эрх баригчид цуурхал тарах боломжийг хаахыг WhatsApp мессэнжэрийн компаниас шаардаж байгаа ч үр дүн гарахгүй байгаа юм.

Хүүхэд хулгайлагчийн тухай цуурхал анх яаж тарсан тухай энэ холбоосоор уншаарай.

 

Эх сурвалж: Russia Today