Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Агуйгаас аврагдсан хөвгүүд аврах ажиллагааны үеэр амиа алдсан офицерт хүндэтгэл үзүүлжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Тайландын хойд нутгийн агуйд олон хоног хашигдсан хөвгүүд аврагдсаныхаа дараа эмнэлэгт эмчлүүлж байгаа билээ.

Тэднийг аврах ажиллагааны үеэр Тайландын тэнгисийн хүчний нэгэн офицер амиа алдсан юм. Тэрээр хүчилтөрөгчтэй савыг хөвгүүдийг гаргах зам дагуу байрлуулж яваад амьсгал нь боогдож нас баржээ.

Тэгвэл эмнэлэгт эмчлүүлж байгаа хүүхдүүдэд өчигдөр анх удаа энэ тухай дуулгасан байна. “Зэрлэг гахайнууд” хөлбөмбөгийн клубын тамирчин хөвгүүд амиа алдсан офицер Саман Кунаны зурган дээр талархлын үгс бичицгээж, өөрсдөө сайн хүн болж хүмүүжихээ амлацгаажээ. Өөрсдийг нь аврах гэж яваад амиа алдсан хүний тухай анх сонсоод хүүхдүүд бүгд уйлж, их гашуудаж байсан тухай Тайландын эрүүл мэндийн яамны албан хаагч мэдээлсэн байна.

 

Тэднийг ирэх Пүрэв гарагт эмнэлгээс гаргахаар төлөвлөжээ. Гэхдээ олон нийтийн анхаарлын төвд ороод байгаа хүүхдүүдийг хэсэг хугацаанд сэтгэлзүйчийн хяналтад байлгах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөсөн байна.

Олон улсын хөлбөмбөгийн холбоо FIFA тамирчин хөвгүүдийг өчигдөр Москвад болсон ДАШТ-ий финалын тоглолтыг ирж үзэхийг урьсан ч эрүүл мэндлийн байдлаас шалтгаалан урилгаас татгалзсан юм.

Харин тэдэнд өнөөдөр буюу Даваа гарагт финалын тоглолтын бичлэгийг үзүүлэхээр болсон байна. Хэт оройтох байсан тул өчигдөр шууд дамжуулалтыг үзэхийг нь эмч нар хоригложээ.

Ням гарагт 4,000 орчим сайн дурынхан хүүхдүүдийг гаргаж авсан Там Луан агуйн орчмыг цэвэрлэх ажлыг гүйцэтгэжээ. Байгалийн тусгай хамгаалалттай газарт тооцогддог агуйн орчимд олон хоногийн турш хэдэн зуун аврагчид, хэвлэл мэдээллийнхэн ажилласнаас нэлээд бохирдоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: AFP