Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Орчин үеийн эмгүй эмчилгээ буюу урлагаар анагаах өдөрлөг өнөөдрөөс эхэлнэ

Б.Жаргалмаа, IKON.MN
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

“Өнгөт өдөр” урлагаар анагаах үйл ажиллагааг өнөөдөр Хавдар судлалын үндэсний төвд 09:00 цагт нээнэ. 

Монголын урлагийн зөвлөлийн санаачилгаар "Өнгөт өдөр" урлагаар анагаах өдөрлөгийг хоёр дахь удаагаа зохион байгуулж буй бөгөөд энэ нь урлагийн сэтгэл заслыг ашиглан эмчилгээний чанарыг нэмэгдүүлж, өвчтөний сэтгэл зүйн байдлыг тогтворжуулах зорилгоор зураг зурах өдөрлөг юм.

 

Манай эмнэлгүүд эмгүй эмчлэх энэхүү аргыг дор бүрдээ нэвтрүүлж ажиллаж байгаа аж. Тухайлбал, Хавдар судлалын үндэсний төв 2004 оноос хавдартай өвчтөн болон өвчтөний гэр бүлийн гишүүдэд сэтгэл зүйн зөвлөгөө, сэтгэл заслын үйлчилгээг хүргэх зорилгоор анх мэргэжлийн сэтгэл зүйч ажиллуулж эхэлжээ. 

Сэтгэл зүйч, нийгмийн ажилтнууд урлагийн сэтгэл заслын төрлүүд болох зурган засал болон баримал зэргийг 2012 оноос ашиглах болсон нь өвчтөнүүдийн сэтгэл түгшилтийг бууруулах, тайвшрах, стресс тайлах зэргээр үр дүнгээ өгсөн байна. Тиймээс 2017 оноос сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, сэргээн засах эмчилгээний эмч, биеийн тамирын арга зүйч тус бүр нэг, хөдөлгөөн засалч гурван эмчтэй Сэргээн засах тусламж үйлчилгээний тасгийг байгуулж, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг нарийвчлан хүргэж, урлагийн сэтгэл засал, хөгжмийн сэтгэл засал зэрэг орчин үеийн эмгүй эмчилгээний сүүлийн үеийн аргуудыг ашиглаж иржээ. 

 

“Өнгөт өдөр – урлагаар анагаах өдөрлөг”-ийг маргааш П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгт зохион байгуулах юм байна. Тус эмнэлгийн хамт олон 2014 онд Монголын урлагийн зөвлөл, АНУ-ын Хоспитал арт сантай хамтран Монголд анх удаа урлагаар дамжуулан анагаах өдөрлөгийг зохион байгуулж байжээ. 

П.Н Шастины нэрэмжит улсын III төв эмнэлэгийн Сэргээн засах эмчилгээний тасаг нь орчин үеийн шинжлэх ухааны нотолгоонд тулгуурлан зонхилон тохиолдох өвчин болох цус харвалт, зүрх судасны эмгэг, хүзүү болон нурууны өвдөлт, амьсгалын замын эмгэг, чихрийн шижин, үе мөчний эмгэгүүд гэх мэт олон төрлийн өвчний үеийн сэргээн засах эмчилгээг үзүүлж буй.

“Өнгөт өдөр – урлагаар анагаах өдөрлөг”-ийг 18-ны лхагва гарагт Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд зохион байгуулах юм байна. Тус эмнэлэг 1960-1970 онд эмгүй эмчилгээний төрөл болох зураг урлаг, хөдөлмөрөөр эмчлэх аргыг туршиж эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар “Сэтгэц нийгмийн сэргээн засах эмчилгээний тасаг” нэртэйгээр нарийн мэргэшсэн хамт олон энэ чиглэлээр ажиллаж байна. 

Эмгүйгээр эмчлэх энэхүү аргыг анх нэвтрүүлсэн түүхийг Адрайн Хилтэй холбон тайлбарладаг байна. Австри улсын нэрт эрдэмтэн, эмч, сэтгэл зүйч Адрайн Хил анх удаа “Урлагийн сэтгэл засал” хэмээх үг хэллэгийг хэрэглэж, 1945 онд гаргасан “Урлаг болон өвчин” номоороо дамжуулан урлагийн сэтгэл заслын талаар тайлбарлан таниулж эхэлжээ.

1938 онд тэрбээр сүрьеэ өвчнөөр өвчилж, удаан хугацаагаар эмнэлэгт хэвтэж байхдаа олон хүн өвчиндөө шаналж байгааг олж хараад, тэдний эмчилгээг үр дүнтэй болгох шилдэг арга нь урлагийн сэтгэл засал болохыг зарлаж байж. Улмаар өвчтнүүдийн эдгэрэлтийг түргэсгэхийн тулд Дэлхийн II дайнаас буцаж ирсэн цэргүүдэд уг эмчилгээг ашигласнаар үр дүнд хүрч байсан түүхтэй ажээ.