Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Тай хөвгүүдийг аварсан шумбагч руу Илон Маск твиттер сүлжээгээр дайрч давшлав

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр буюу Ням гарагт АНУ-ын бизнесмэн, тэрбумтан Илон Маск хэдэн өдрийн өмнө Тайландын агуйгаас 12 хүүг аврахад гол үүрэг гүйцэтгэсэн Британий шумбагч руу дайрч давшилсан үгсийг твиттер хуудсандаа бичсэн байна.

Маск аврах ажиллагаанд тусламж үзүүлэхээр өөрийн зохион бүтээсэн шумбагч машинтай Тайландад очсон юм. Гэвч түүний машин хэрэг болоогүй бөгөөд Британий агуй судлаач, шумбагч Вернон Ансворт тэргүүтэй аврагчид хөвгүүдийг усанд автсан агуйгаас амжилттай гаргажээ.

Ансворт нь Тайландад олон жил амьдарч, гамшиг болсон Там Луан агуйг судалж байсан мэргэжилтэн юм. Тэрээр Маскийн тусламжийг “ПиАр” хэмээн шүүмжилж, түүний илгээсэн шумбагч машиныг агуйд 50 метр яваад л гацах эрсдэлтэй гэж дүгнэж байгаагаа хэвлэлд ярьсан байна.

Ансворт “Уг машин ажиллах ямар ч боломжгүй. Тэр агуйн дотоод нөхцлийг огт мэддэгүй хүн юм” гэж Маскийн тухай ярьжээ.

Тэр бас Маскаас агуйг даруй орхиж явахыг Тайландын албаныхан шаардсан тухай ярьсан байна.

Харин Илон Маск өчигдөр твиттер хуудсандаа Тайландын албаныханд хөөгдөөгүй, өөрийнх нь машин хэрэгтэйг тэд ойлгож байсан гэж бичжээ.

Дараа нь тэр шумбагч машиныхаа агуйд амжилттай явж буй дүрс бичлэгийг үзүүлэхээ амласан байна. Маск мөн агуйн орчимд Тайландад амьдардаг хэн нэгэн Британи хүнтэй огт тааралдаагүй гээд эцэст нь Ансвортыг “хүүхэд сонирхогч” (pedo guy) гэж доромжилсон юм.

 

Гэвч тэрбумтны эдгээр тайлбарууд төдийлөн амжилт олоогүй бөгөөд твиттер хэрэглэгчид түүнийг хэлсэн үгнийх нь төлөө хүчтэй шүүмжилцгээж байв.

Тайландын хойд нутгийн агуйд үерийн усанд хашигдсан 11-16 насны 12 хүү болон 25 настай дасгалжуулагч багшийг өнгөрсөн долоо хоногт амжилттай аварсан юм. Тэд 18 хоногийг агуйн гүнд өнгөрөөсөн бөгөөд одоо эмнэлэгт эмчлүүлж байна.

 

Эх сурвалж: Business Insider