Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/16-НД НИЙТЛЭГДСЭН

Макроны баяр хөөр ба Путины өгөөмөр зан

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Москва хотын Лужники стадионд 2018 оны Хөлбөмбөгийн ДАШТ-ий аваргын цомын төлөө сүүлчийн тоглолт Франц, Хорватын шигшээ багуудын хооронд болж, Францчууд 4:2 харьцаагаар хожсон билээ.

Хорватын Марио Манжукичийн өөртөө хийсэн гоол, Антуан Гризманы торгуулийн цохилт, Пол Погба, Килян Мбаппе нарын хоёрдугаар үед хийсэн гоолууд Францын шигшээ багийг хоёр дахь удаагаа дэлхийн аварга болгосон юм.

Тоглолтыг хэд хэдэн улсын төрийн тэргүүнүүд үзэж сонирхсоны дотор Францын ерөнхийлөгч Эммнауэл Макрон байв. Тэрээр үндэсний шигшээ багаа дэлхийн аварга болоход сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй албаныхны өмнө суудлаасаа үсрэн боссон байна.

 

Хорватын ерөнхийлөгч хатагтай Грабар Китарович мөн л сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй, үе үе суудлаасаа өндөлзөж байв. Хорватчууд энэ удаагийн ДАШТ-д дэд байр эзлэн багийн дээд амжилтаа шинэчлэн тогтоосон юм. Тэд 1998 онд гуравдугаар байрт орсон нь өмнөх дээд амжилт нь байжээ.

 

Тэмцээний төгсгөлд зохион байгуулагч орны ерөнхийлөгч Владимир Путин бүх тоглогчид, үзэгч, хөгжөөн дэмжигчдэд талархлаа илэрхийлээд Fan ID карттай гадаадын иргэн бүрт энэ оныг дуустал визгүйгээр ОХУ-д олон удаа зорчих эрх олгож байгаагаа зарласан юм. Энэ удаагийн ДАШТ-ий тасалбар авсан хүн бүрт “Fan ID” хэмээх карт дагалдаж байв.

 

 

Өчигдрийн тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор үзээрэй.

Тоглолтын чухал үр дүнгүүд:

  • Францын шигшээ баг 1998 оноос хойш хоёр дахь удаагаа Дэлхийн аварга болж байна.
  • Францын дасгалжуулагч Дидье Дешам тоглогчийн хувиар, дасгалжуулагчийн хувиар хоёр удаа дэлхийн аварга болсон гурав дахь хүн болж байна. Түүнээс өмнө Бразилын Марио Загалло, Германы Франц Бекэнбауэр нар ийм амжилт үзүүлсэн юм.
  • Францын шигшээ баг 48 жилийн дараа ДАШТ-ий финалд 4 гоол хийсэн баг боллоо. Өмнө нь 1970 онд Бразилчууд Италийг 4:1 харьцаагаар хожиж дэлхийн аварга болж байжээ.
  • Хорватын шигшээ баг 1998 онд ДАШТ-ий хүрэл медаль хүртэж байсан бол энэ удаа мөнгөн медаль зүүж, амжилтаа ахиуллаа.
  • Хорватын Марио Манжукич ДАШТ-ий нэг тоглолтод өөрийн болон өрсөлдөгчийн хаалганд дараалан гоол хийсэн хоёр дахь хүн болж түүхэнд үлдлээ. Түүнээс өмнө 1978 онд Нидерландын Эми Брандт Италитай тоглохдоо мөн аль аль хаалганд гоол хийж байжээ.
  • Францын Килян Мбаппе ДАШТ-ий финалын тоглолтод гоол хийсэн хоёр дахь залуу тоглогч болж байна. Түүний урд 1958 оны ДАШТ-ий финалын тоглолтод 17 насандаа гоол хийсэн Бразилын домог Пеле байгаа юм.

 

Эх сурвалж: FIFA, Russia Today