Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/15-НД НИЙТЛЭГДСЭН

Бельгийн шигшээ баг түүхэн дээд амжилтаа тогтоож ДАШТ-ий хүрэл медаль зүүлээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Өчигдөр орой Санкт Петрбург хотын стадионд хөлбөмбөгийн ДАШТ-ий гуравдугаар байрын төлөө тоглолт Бельги, Английн шигшээ багуудын хооронд өрнөж, “Улаан чөтгөрүүд” 2:0 харьцаатайгаар “Гурван арслан”-гуудыг буулгаж авлаа.

Тэд өмнө нь хэсгийн тоглолтод таарч Бельгийн шигшээ 1:0 харьцаатай хожоод байв. 2002 оны ДАШТ-д Турк, Бразилын багууд хоорондоо хоёр удаа таарч байснаас хойш анх удаа нэг ДАШТ-д хоёр удаа тоглосон багууд Бельги, Английн шигшээ болж байна.

Тоглолтын эхний болон сүүлийн 10 минутад Бельгичүүд Английн хаалганд бөмбөг оруулснаар тоглолт үндсэн цагтаа дууссан юм. Дөнгөж 4 дэх минутад Шадлигийн хөндлөн дамжуулалтыг Томас Мёньер гоол болгож тоглолтын харьцааг 1:0 болгожээ.

Улмаар 82 дахь минутад Кэвин Де Брюйнегийн дамжуулсан бөмбөгийг Бельгийн багийн ахлагч Эден Хазард тууж Английн хаалганд довтолсоор зүүн доод буланд цохиж гоол оруулсан юм.

Тоглолтын турш Англичууд олон аюултай довтолгоог гүйцэтгэсэн боловч ганц нь ч гоол болж чадсангүй.

Тоглолтын онцлох агшнуудыг энэ холбоосоор үзээрэй.

Ингэснээр 

  • Бельгичууд 1986 онд дөрөвдүгээр байранд орж байсан түүхэн дээд амжилтаа ахиулж, ДАШТ-ий хүрэл медалийг анх удаа зүүж байна. 1986 оны Мексикийн ДАШТ-д тэд Францын шигшээд 4:2 харьцаатай хожигдон хүрэл медаль зүүх боломжоо алдаж байжээ.
  • Англичууд Бельгийн шигшээтэй 23 удаа тоглохдоо 3 удаа хожигдсоны сүүлийн хоёр хожигдлыг энэ ДАШТ-д үзэж байна.
  • Бельгийн шигшээ баг Роберто Мартинезээр дасгалжуулснаасаа хойш 26 удаа тоглохдоо дөнгөж 2 удаад нь ялагдаад байна. Эхний удаа 2016 оны есдүгээр сард Испанид 2:0 харьцаатай хожигдож байсан бол сая Францын шигшээтэй шөвгийн дөрөвт тоглохдоо 1:0 харьцаагаар хожигдсон юм.
  • Англичууд 2014 оны зургаадугаар сараас хойш анх удаагаа хоёр дараалан хожигдож байна. Тэд 2014 оны ДАШТ-д Итали, Уругвайн шигшээ багуудад дараалан хожигдож байжээ.

Өнөөдөр орой Москва хотын Лужники стадионд энэ ДАШТ-ий сүүлчийн тоглолт Франц, Хорватын шигшээ багуудын хооронд болж, дэлхийн аваргын алтан цомыг хэн нь өргөхөө шийднэ.

 

Эх сурвалж: FIFA