Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/14-НД НИЙТЛЭГДСЭН

2022 оны Хөлбөмбөгийн ДАШТ өвлийн улиралд зохион байгуулагдахаар боллоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Тухайн жилийнхээ 6-7 дугаар сард зохион байгуулагддаг уламжлалтай Хөлбөмбөгийн ДАШТ харин 2022 онд Катарт болохдоо өвлийн улиралд шилжихээр болжээ.

Катар 2022 нь арваннэгдүгээр сарын 21-нд эхэлж, арванхоёрдугаар сарын 18-нд өндөрлөхөөр болсныг FIFA-гийн ерөнхийлөгч Жианни Инфантино өчигдөр Москвад болсон хэвлэлийн хурал дээр зарлалаа.

Персийн булангийн Катар улс нь зундаа маш их халуун болдог тул өвлийн улирлыг ийнхүү сонгожээ. Харин дэлхийн улс орнуудын дотоодын лигийн тэмцээнүүдийн хуваарьт энэ нь саад болохоор байна.

Гэвч Инфантино Катарын ДАШТ өвөл болохыг лигүүд мэдэж байсан тул тэмцээний хуваариа өөрчлөх боломжтой гэж мэдэгджээ.

2026 онд АНУ, Мексик, Канадад болох ДАШТ-ийг 32 биш, 48 багтай зохион байгуулах шийдвэр нэгэнт гарсан. Харин Катар 2022 хэдэн багтай явагдахыг ойрын хугацаанд Катарын талтай ярилцаж шийднэ гэдгээ Инфантино хэлсэн байна.

Маргааш буюу Ням гарагт ДАШТ-ий хаалтын ажиллагаа болж, ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зохион байгуулагч орны эрхийг Катарын эмир Шейх Тамим Бин Хамад Аль Танид хүлээлгэж өгөх юм.

 

Эх сурвалж: Russia Today