Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын агуйгаас бүх хүүхэд, дасгалжуулагч багшийн хамт аврагдлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Агуйд олон хоног хашигдсан хөлбөмбөгийн багийн 12 хүүхэд, нэг дасгалжуулагч өнөөдөр бүгд эсэн мэнд гарч, дэлхийг шуугиулсан аврах ажиллагаа өндөрлөлөө.

Тэд нийтдээ 18 хоногийг агуйн харанхуй, давчуу гүнд өнгөрөөсөн юм.

Бүх хүүхдийн болон дасгалжуулагчийн биеийн байдал сайн байгаа гэнэ.

Өнгөрсөн Ням, Даваа гарагуудад өдөрт 4 хүүхдийг 4 км үргэлжилсэн урт агуйн гүнээс усан доогуур шумбуулан гаргаж байв.

Харин өнөөдөр үлдсэн 4 хүүхэд болон дасгалжуулагчийг гаргасан юм.

Өглөөний 10 цагт эхэлсэн ажиллагаанд 19 шумбагч оролцжээ. Даваа гарагийн аврах ажиллагаанд 9 цагийг зарцуулсан бол Ням гарагт 11 цагийг зарцуулж байв. Эхний өдрийн дараа шумбагчид туршлага сууж, аврах ажиллагааг богиносгож чадсан нь энэ юм.

Хүүхэд нэг бүрийг хоёр шумбагч дундаа авч явсаар агуйн хонгилыг туулж гарсан байна.

Хүүхдүүд хэдийгээр эрүүл саруул байгаа ч тэднийг доод тал нь 7 хоног эмнэлэгт тусгаарлаж, элдэв халдварт өвчин туссан эсэхийг шалгахаас гадна сэтгэл зүйд нь өөрчлөлт гарсан үгүйг хянах гэнэ.

Орон нутгийн “Зэрлэг гахайнууд” хөлбөмбөгийн багийн гишүүд болох 11-16 насны 12 хүү, тэдний дасгалжуулагч 25 настай багшийн хамт зургаадугаар сарын 23-ны өдөр Тайландын хойд хэсэгт байдаг Чиан Рай агуйд аялж байгаад үерийн усанд хашигдсан юм.

Тэдний толгой хоргодож байсан агуйн хэсгийг 10 хоногийн дараа олсон бөгөөд үүнээс хойш аврах ажиллагаа 8 хоног үргэлжилжээ.

Aврах ажиллагаанд Тайландын тэнгисийн цэргийн алба хаагчид, АНУ, Британи, Австрали, Хятад зэрэг орнуудын сайн дурын шумбагчид, аврах албаны мэргэжилтнүүд оролцсон юм.

 

Эх сурвалж: Reuters