Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мурат, Д.Гантулга нарын хэрэг шүүхэд шилжжээ

Г.Номин, iKon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Д.Мурат, Д.Гантулга нарт холбогдох хэрэг шүүхэд шилжин ирснийг шүүхийн эх сурвалж мэдээллээ.

Прокуророос Д.Муратад Эрүүгийн хуулийн 11.6.1, түүнтэй хамт шүүгдэгч М.Елузагт Эрүүгийн хуулийн 11.4.1, 21.2.1  дэх зүйл заалтаар эрүү үүсгэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнгөрсөн долоо хоногийн Баасан гараг буюу долоодугаар сарын 6-нд шилжүүлжээ.

Харин Д.Гантулгад Эрүүгийн хуулийн 12.1.1 дэх заалтаар эрүү үүсгэн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Даваа гараг буюу долоодугаар сарын 9-нд шилжүүлсэн байна.

Шүүх 15 хоногийн дотор урьдчилсан хэлэлцүүлэг товлоно гэж шүүхийн эх сурвалж хэллээ.

Хуулийн заалт:

11.6 дугаар зүйл. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах

1.Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

11.4 дүгээр зүйл. Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах

1.Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

21.2 дугаар зүйл. Худал мэдүүлэх

1.Гэрч, хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед, шүүхэд үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа зориуд худал мэдүүлэг өгсөн бол гурван сараас хоёр жил хүртэл хугацаагаар эрх хасаж дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

12.1 дүгээр зүйл. Хүчиндэх

1.Хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, эсхүл сэтгэцийн өвчтэй, согтуурсан, мансуурсан, сэтгэцийн үйл ажиллагаа нь түр сарнисан, бусад өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй, эсхүл эд хөрөнгө, албан тушаал, бусад нөхцөл байдлын улмаас эрхшээлдээ байгааг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон, эсхүл бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдэл хийсэн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.