Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хойд Солонгосыг “Вьетнамын загвар”-аар хөгжүүлэх саналыг АНУ тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Нэгэн үед дайснууд байсан ч АНУ-тай түншилсний үр дүнд хөгжиж байгаа Вьетнамын эдийн засгийн загварыг хэрэгжүүлэх саналыг Хойд Солонгосын эрх баригчдад тавьснаа АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео Ням гарагт мэдэгджээ.

Тэрээр Ханойд болсон АНУ-Вьетнамын бизнесийнхний уулзалтад үг хэлэхдээ “Нэгэн цаг үед төсөөлөхийн аргагүй байсан хөгжил дэвшил, түншлэлийг бид өнөөдрийн Вьетнамаас харж байна. Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгос энэ замаар явах боломжтой гэж итгэж байгаа гэдгийг би Ким Жон Ун даргад хэлсэн” гэж ярьсан байна.

“Хэрвээ та нар энэ боломжийг ашиглавал гайхамшиг танайх болно. Удирдагч Ким Жон Ун Хойд Солонгосын баатар болж дурсагдана” гэж Помпео нэмж хэлжээ.

Тэр цөмийн зэвсгийг хураах асуудлаар Пёньянд айлчилсныхаа дараа Вьетнамд айлчилж, тус улсын ерөнхий сайд, гадаад хэргийн сайд нартай уулзсан юм.

АНУ, Вьетнам улсууд 1970-аад оны үед дайтаж байгаад 1995 оноос эхлэн харилцаагаа хэвийн болгосон. Сүүлийн 20 жилийн хугацаанд хоёр талын худалдааны хэмжээ 8,000 хувь өсөж, АНУ-аас олон тэрбумын хөрөнгө оруулалт хийгдсэнийг Помпео дурдсан байна.

Хойд Солонгосын дэглэм цөмийн зэвсгээсээ ангижирсны хариуд олон улсын хоригоо цуцлуулж, эдийн засгаа өөд нь татах хүсэлтэй байгаа.

Гэвч Пёньянд болсон сүүлийн уулзалтын дараа Хойд Солонгосын хэвлэл АНУ-ыг хэт нэг талыг барьсан, “дээрэмчин” маягийн санал тавьсан хэмээн харамссан байна. Харин Майк Помпео уулзалт үр дүнтэй болсныг мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Korea Times