Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын агуйгаас аварсан хүүхдүүдийн тоо 8 боллоо

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг

Тайландын хойд нутгийн агуйд түгжигдсэн хүүхдүүдийг аврах хүнд хэцүү ажиллагаа эхэлснээс хоёр өдрийн дараа нийт 8 хүүхэд аврагдлаа.

Ням гарагт эхний дөрвөн хүүхдийг гаргасан тухай мэдээлж байсан бол Даваа гарагт нэмж дөрвийг гаргаж чаджээ.

Одоо агуйд дахин дөрвөн хүүхэд, 25 настай дасгалжуулагчийн хамт үлдээд байна. Сүүлийн өдрүүдэд тус нутагт их устай бороо орж эхэлсэн тул агуй усаар дүүрэхээс өмнө сүүлчийн арга хэмжээг авч, хөвгүүдэд шумбагчийн хувцас өмсгөн гаргаж эхэлжээ.

Хэдийгээр бороо орж байгаа ч агуйн усны түвшин одоохондоо нэмэгдээгүй, мөн хүүхдүүд хүнс тэжээл авч биеийн хүч тамир нь сайжирсан тул энэхүү эрсдэл өндөр ажиллагааг явуулахад тохиромжтой нөхцөл бүрдээд байгаа гэнэ.

Даваа гарагийн ажиллагаа өглөөний 11:00 цагт эхэлсэн байна. Усанд сэлэх, шумбах талаар долоо хоногийн өмнөөс заалгаж эхэлсэн хүүхдүүдийг 4 км урт хонгилоор гаргах нь маш хэцүү ажилд тооцогдож байна. Агуйн зарим хэсэг нь маш нарийн, усаар дүүрсэн, харанхуй хонгилтой юм.

Аврагдсан хүүхдүүдийн бие сайн, эмнэлэгт эмчилгээ, үзлэг хийлгэж байгаа гэнэ. Элдэв халдварт өвчин дамжихаас сэргийлж, гэр бүлийнхэн нь одоохондоо уулзаж чадахгүй, тэднийг шилэн хаалтны цаанаас харж байгаа ажээ.

Орон нутгийн сургуулийн “Зэрлэг гахайнууд” нэртэй хөлбөмбөгийн багийн гишүүн 11-16 насны 12 хүү, 25 настай дасгалжуулагчийн хамт зургаадугаар сарын 23-ны өдөр агуйд аялж яваад үерийн усанд боогдсон юм.

Эрэн хайх ажиллагааны дүнд тэдний байгаа газрыг бараг 10 хоногийн дараа илрүүлсэн. Ингээд агуйн усыг зайлуулах ажиллагаа эхэлсэн ч өнгөрсөн долоо хоногийн сүүлээс эхлэн их бороо орж эхэлсэн тул сүүлчийн арга болох шумбаж гаргах ажлыг Ням гарагт эхэлсэн байна.

Бүх хүүхдийг агуйгаас гаргахад дөрвөн өдөр болно гэж тооцоолж байсан ч өнгөрсөн хоёр өдрийн үр дүн илүү богино хугацаанд дуусгах боломжтойг харуулжээ.

Ням гарагийн ажиллагаанд гадаадын 13 шумбагч, Тайландын тэнгисийн цэргийнхэн оролцсон байна. Хөвгүүдэд тэднийг олж илрүүлсэн долдугаар сарын 2-ноос эхлэн шумбах хичээл зааж, тамир тэнхээ оруулах хүнсээр хангаж байжээ.

Өнгөрсөн Баасан гарагт аврах ажиллагаанд оролцож байсан Тайландын тэнгисийн хүчний офицер амиа алдсан нь нөхцөл байдал ямар хэцүү байгааг харуулж байна.

Тэрээр хүүхдүүдийн байгаа газарт хүрэх замд хүчилтөрөгчтэй сав байрлуулахаар явж байгаад амьсгалах боломжгүй болж амиа алджээ. Хүүхдүүдийн байгаа газарт хүрэхэд нэг талдаа 5-6 цаг зарцуулдаг тул шумбагчдын зам дагуу нөөц хүчилтөрөгч байрлуулж байгаа юм.

 

Эх сурвалж: AFP