Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/09-НД НИЙТЛЭГДСЭН

“Аюулгүй амьдрах ухааны үндэс”, “Цэрэгжилт” хичээлийг ЕБС-ийн хөтөлбөрт тусгах санал боловсруулжээ

ikon.mn
2018 оны 7 сарын 9
iKon.MN
Зураг зураг

БХЯ, БСШУСЯ-ны хамтарсан ажлын хэсгээс ерөнхий боловсролын 10, 11 дүгээр ангиудад заавал сонгон судлах хичээлээр “Аюулгүй амьдрах ухааны үндэс” хичээлийг 3 кредит цаг, сонгон гүнзгийрүүлж судлах хичээлээр 3 кредит цаг нийт 6 кредит цаг судлах цөм хөтөлбөрийн агуулгыг боловсруулаад байна. 

Иргэдийг эх орноо хамгаалахад оролцох, цэргийн боловсрол, бэлтгэл эзэмших зорилтын хүрээнд 12 дугаар ангид “Цэрэгжилт” хичээлийг заавал сонгон судлах 1 кредит цаг, сонгон гүнзгийрүүлж судлах хичээлээр нэг кредит цаг, нийт 2 кредит цаг судлах цөм хөтөлбөрийн агуулгыг боловсруулжээ.

Эдгээр цөм хөтөлбөрийн агуулгыг сургалтын хөтөлбөрт тусгаснаар сурагчид аюулгүй амьдрах, цэрэг, батлан хамгаалах мэдлэг, чадвартай, хүрээлэн буй орчинтой зөв харилцдаг, түүнд дасан зохицож амьдрах чадвартай, амьдралын зөв дадал, хэвшилтэй, хүнлэг энэрэнгүй, эх оронч үзэлтэй иргэн болж төлөвшинө гэж үзжээ.

Батлан хамгаалахын сайд, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нарын хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг бүх шатны боловсролын байгууллагын сургалтын хөтөлбөрийг эх оронч үзэл, аюулгүй амьдрах ухаан, цэрэгжилт  гэсэн гурван агуулгаар тодорхойлохоор ажиллаж байгаа. Хоёр яамны хамтарсан уг ажлын хэсэг өнөөдөр хоёр дахь удаагийн нэгдсэн хуралдаанаа хийж, өнгөрсөн хугацаанд хийсэн ажлуудын үр дүн, санал, зөвлөмжийн анхны хувилбарын төслөө хэлэлцсэн нь энэ юм.

Мөн тус ажлын хэсэг төрийн өмчийн их, дээд сургуулиудад “Цэргийн эрдмийн танхим” байгуулах санал гаргажээ.

 

Эх сурвалж: БСШУСЯ