Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/08-НД НИЙТЛЭГДСЭН

Англичуудын амжилт үргэлжилж, Оросуудынх зогслоо

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 7 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шөвгийн 8-ын шатны сүүлийн хоёр тоглолт өчигдөр болж өнгөрлөө.

1990 оноос хойш шөвгийн 4-т шалгарч чадаагүй байсан Англичууд Шведийн шигшээг 2:0 харьцаагаар хожиж, 28 жилийн дараа анх удаа амжилтаа давтлаа. Харин 1991 онд ЗХУ задарснаас хойш хасагдах шатанд шалгарч чадаагүй байсан Оросууд анх удаа энэхүү хар цувралаа зогсоосон боловч 1966 онд ЗХУ-ын шигшээ багийн дөрөвдүгээр байрт орсон дээд амжилтыг давтаж хараахан чадсангүй.

Тэд өнгөрсөн шөнө Сочи хотын Фишт стадионд Хорватын шигшээд торгуулийн цохилтоор хожигдлоо.

“Гурван арслан”-гууд эхнээсээ тоглолтын санаачлагыг гартаа авч 30, 58 дахь минутуудад Харри Магуайр, Деле Алли нарын хийсэн гоолоор Шведийн шигшээг нутаг буцааж байна. Тэд анхны булангийн цохилтоо мөргөж гоол болгосон бол хоёр дахь гоолоо мөн мөргөж хаалганд хийсэн юм.

 

Английн тоглогч Рахим Стерлинг өөрт олдсон хоёр ч сайхан боломжийг зөв ашиглаж чадсан бол тооны харьцаа илүү зөрүүтэй өндөрлөж болохоор байлаа.

Ямартай ч нурууны өндрөөр илүүрхэж тоглодог Шведчүүдийн арга барилыг Английн шигшээгийн шинэ тактик амжилттай эвдэж чадсан юм.

Оросууд тоглолтын 31 дэхь минутад Черышевийн 16 метрийн шугамны гаднаас хийсэн гайхалтай гоёмсог гоолоор тэргүүлж эхэлсэн ч ердөө 8 минутын дараа Манжукичийн хөндлөн дамжуулалтыг Андрей Крамарич мөргөж гоол болгосноор Хорватчууд тоглолтыг тэнцүүлжээ.

Улмаар үндсэн цагт нэмж гоол хийгээгүй өрсөлдөгчид нэмэлт 30 минутанд дахин нэг, нэг гоол хийж тэнцсэн юм.

100 дахь минутад Хорватын Домагой Вида булангийн цохилтоос ирсэн бөмбөгийг мөргөж гоол болгосон бол 115 дахь минутад Оросын Бразил тоглогч Фернандес Загоевын чөлөөт цохилтыг бас мөргөж гоол болгосон байна.

Гэвч Марио Фернандес торгуулийн цохилтоор тоглолтын хувь заяаг шийдэхэд Хорватын хаалгыг онолгүй алдсан нь Оросын багийг 4:3 харьцаатай хожигдоход хүргэжээ.

Англи, Шведийн тоглолтын онцгой агшнуудыг энэ холбоосоор, Орос, Хорватын тоглолтын онцлох агшнуудын энэ холбоосоор үзээрэй.

Өчигдрийн хоёр тоглолтын онцлох үр дүнгүүд:

  • Англичууд ДАШТ-ий түүхэнд гурав дахь удаагаа шөвгийн дөрөвт шалгарч байна. Өмнө нь 1966, 1990 онуудад тэд энэ шатанд хүрсэн юм.
  • 1979-2006 оны хооронд Англитай 12 удаа тоглохдоо ганц ч хожигдож үзээгүй Шведийн шигшээ баг сүүлийн 4 тоглолтынхоо 3-т нь хожигдлоо.
  • Англичууд 2006 оны ДАШТ-ий шөвгийн 16-д Эквадорыг хожиж байснаасаа хойш анх удаа томоохон тэмцээний хасагдах шатанд гоолын илүүгээр ялалт байгуулж байна. Тэд энэ удаагийн ДАШТ-ий шөвгийн 16-гийн шатанд Колумбын багтай тэнцэж, торгуулийн цохилтоор хожсон юм.
  • Хорватын шигшээ нэг ДАШТ-д хоёр удаа торгуулийн цохилтоор ялсан хоёр дахь баг болж түүхэнд бичигдэж байна. 1990 онд Аргентины шигшээ нэг удаа Югослав, Италийн багуудыг ингэж хожиж байжээ.
  • Оросын шигшээ нь 1986 оны ДАШТ-ээс хойш шөвгийн 8-ын шат хүртэл тоглосон анхны зохион байгуулагч улсын баг болж байна.
  • 1998 онд шөвгийн дөрөвт шалгарснаасаа хойш Хорватчууд хоёр дахь удаагаа энэ шатанд хүрээд байна.

Одоо Англи, Хорватын шигшээ багууд долдугаар сарын 12-ны 02:00 цагт Москва хотын Лужиники цэнгэлдэх хүрээлэнд тоглох юм.

Тэдний хожсон нь цомын төлөө, хожигдсон нь гуравдугаар байрын төлөө тоглоно.

 

Эх сурвалж: FIFA